Шууд Chart

Иран улс ёс зүйн цагдаагийн албаа татан буулгаж байгааг ерөнхий прокурор нь мэдэгджээ

2022-12-06 13:29:38

Иран улсад 3 дахь сардаа үргэлжилж байгаа олон нийтийн тэмцлийн эхлэлийг тавьсан ёс зүйн цагдаагийн албаа татан буулгаж байгааг тус улсын ерөнхий прокурор бямба гарагт мэдэгджээ. 15 жилийн өмнө байгуулагдсан, Ираны ёс зүйн цагдаагийн алба олон нийтийн газарт Исламын шашны ёс, журмыг сахиулах үүрэгтэй ажилладаг юм байна. Гэхдээ одоогоор ёс зүйн цагдааг яг ажлын талбараас нь эргүүлж татсан, заавал толгойн алчуур зүүх тухай хуулийн заалтыг өөрчлөх эсэх талаар Ираны төрөөс албан ёсны нотолгоо өгөөгүй байгааг Аль Жазира онцолж мэдээлж байна.

Ёс зүйн цагдаагийн алба нь шүүх засаглалтай ямар ч холбоогүй, өмнө нь байгуулж байсан газар нь одоо байхгүй гэсэн шалтгаанаар хааж байгааг ерөнхий прокурор нь мэдэгджээ. Ираны өмнөх ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын засаглалын үед Исламын шашны дэг ёсыг сахиулах зорилгоор ёс зүйн цагдаагийн албыг 15 жилийн өмнө байгуулжээ. Тус алба нь Цагаан, ногоон өнгөөр алагласан автомашин унаж, Ираны хотуудын гудамж талбайгаар байнгын эргүүл хийн, иргэдийн дунд шашны дэг ёсыг сахиулдаг юм байна. Тухайлбал Исламын шашны дэг ёсны дагуу хувцасласан эсэх, эмэгтэйчүүд толгойн алчуураа үсээ гаргаж зүүсэн эсэх, задгай хувцасласан эсэх зэрэгт хяналт тавьж, зарим тохиолдолд сануулж, заримдаа саатуулж, шашны боловсрол олгох сургалтад хамруулдаг байна. 9-р сард жагсаал эхэлснээс хойш тэдний эргүүлийн машин гудамж талбайгаар үзэгдэхээ больсон гэж зарим хэвлэлд мэдээлжээ. Исламын шашны Суннитын урсгалыг дагадаг Арабын зарим улсад эмэгтэйчүүд олон нийтийн газарт явахдаа нүүр болон биеийн бүх хэсгээ нуух, далдлах ёстой байдаг бол Исламын шашны хоёр дахь гол урсгал Шийтийг дагадаг Исламын бүгд найрамдах Иран улсад зөвхөн толгойн үсээ далдалж, алчуур буюу хижабыг зүүх шаардлага тавьдаг юм байна.

Иранд 1979 онд Исламын хувьсгал ялсны дараахан эмэгтэйчүүд хижаб зүүх журмыг тогтоожээ. Өнгөрсөн 9-р сарын дунд үед Иранд 22настай Махса Амини гэгч эмэгтэй олон нийтийн газарт толгойн алчуураа зохисгүй зүүсэн үндэслэлээр ёс зүйн цагдаагийн хэсэгт саатуулагдсан байх үедээ учир битүүлгээр амиа алдсан. Энэ хэргийн дараа Иран улс даяар төр засгийн хатуу дүрэм журам, ёс зүйн цагдаагийн харгис үйлдлийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн эхэлсэн. Ираны эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрх, чөлөөтэй амьдрах эрх, хатуу дэг журмаа цуцлахыг эрх баригчдаасаа шаардаж байгаа. Харин Ираны төр энэ тэмцлийг гаднын нөлөөтэй буюу Америк, Израил, Европын орнууд болон Саудын Араб жагсаалын ард байгаа гэж буруутгаж, Аминигийн үхлийг Ираныг тогтворгүй болгоход ашиглаж байна гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс ёс зүйн цагдаагийн албаа татан буулгаж байгааг ерөнхий прокурор нь мэдэгджээ   
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй