
Европын холбооны өөрт нь гишүүнээр элсэх эрмэлзэлтэй Балканы хойгийн орнуудад хилийн хяналтын Фронтекс байгууллагын ажилтнуудыг байрлуулж магадгүй байна. Өнөөдөр Албани улсын нийслэл Тирана хотод болж байгаа ЕХ болон Баруун Балканы орнуудын дээд хэмжээний уулзалтаар энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Файнэншл таймс-т мэдээлснээр, энэ санаачилга ажил хэрэг болох нөхцөлд Европын холбооны хилийн хяналтын байгууллага өөрийн мэдлийн нутаг дэвсгэрээс гадагш үйл ажиллагаа явуулах анхны тохиолдол болох юм байна.
Албани, Босни Херцоговин, Черногор, Хойд Македони, Серби болон Косово зэрэг энэ бүсийн орнууд гуравдагч ертөнцтэй, тэр дундаа дайн хямралд гүнзгий нэрвэгдсэн улсуудтай визгүй зорчих хэлэлцээртэй байдаг нь ийм арга хэмжээ авах гол нөхцөл шалтгаан болж байгаа юм байна. Ойрх Дорнод, Ази, Африкийн ядуурал, хямралд нэрвэгдсэн улс орнуудаас жил тутам хэдэн арван мянган хүн аюул эрсдэл ихтэй далай тэнгисийн усаар дамжиж Европ руу гарахаар замд гардаг. Тэдний дийлэнх олонх нь үлээдэг жижиг завинд сууж туркийн эргээс грекийн зүүн эрэг рүү гарахыг завдах юм уу эсвэл арай том оврын усан онгоц, завь хөлөглөсөн зарим нь Хойд Африк юм уу Туркээс шууд Италийн эрэг орох өндөр эрсдэлтэй аялал хийдэг. Энэчлэн Балканы орнуудыг дамжиж ЕХ руу гарахаар тэмцэх хууль бус цагаачдын урсгал сүүлийн үед улам ихэссэн нь Брюсселийн санааг ихээхэн түгшээж байна. Зөвхөн энэ оны эхний 10 сарын хугацаанд Балканы орнуудаар дамжиж ЕХ-ны орнууд руу хууль бусаар нэвтрэхийг завдсан тохиолдлын тоо 275 мянга шахам болж өсжээ. Улмаар 2015 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа юм байна.
Тиймээс ч өнөөдөр ажлаа эхэлсэн ЕХ-Баруун Балканы орнуудын дээд хэмжээний уулзалтаар Европын Хил хяналтын Фронтекс агентлагийн салбаруудыг бүр ирэх оны эхний саруудаас эхлэн Балканы орнуудад байрлуулах санаа идэвхтэй яригдах төлөвтэй байгааг хэвлэлүүд уламжилж байна. Үүнээс гадна Украины дайны нөлөөгөөр ЕХ-г өргөжүүлэн тэлэх асуудал анхаарал татсан гол сэдэв болсонтой холбоотойгоор ЕХ-Баруун балканы орнуудын удирдагчид Тиранагийн уулзалтаар, энэ асуудлыг мөн өндөр ач холбогдол өгч хэлэлцэх төлөвтэй байна.
Балканы орнуудад Европын холбооны хилийн албаныхныг байрлуулж магадгүй байна | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.