Шууд Chart

Европын холбоо гишүүнээр элсэх хүсэлтэй орнуудын талаарх байр сууриа илэрхийллээ

2022-12-07 14:49:00

Европын холбоо болон Баруун балканы орнуудын дээд хэмжээний уулзалт Албаны нийслэл Тирана хотод боллоо. Энэ үеэр гишүүн орнуудын эдийн засаг, аюулгүй байдал, цагаачлал, хамтын ажиллагаа зэрэг олон сэдвийг авч хэлэлцээнээс гадна тус холбоонд гишүүнээр элсэх хүсэлтэй Баруун Балканы 6 орны гишүүнчлэлийн асуудлаар онцгойлон авч хэлэлцэж тус холбооны байр суурийг илэрхийллээ.

Европын холбоо болон Баруун Балканы орнуудын удирдагчид мягмар гарагт Албани улсын нийслэл Тиранад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр цагаачлал, кибер аюулгүй байдал, дипломат харилцаа зэрэг сэдвүүдийг хөндөж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиролцлоо.

Мөн Европын холбоонд элсэхийг эрмэлзэж буй Баруун Балканы хойгийн зургаан орны хувьд 27 гишүүн оронтой тус холбоонд жинхэнэ гишүүнээр элсэх зорилго хэвээр байна. Гэвч Албани, Босни, Косово, Монтенегро, Хойд Македон, Серби улсууд ЕХ-нд ирээдүйн байр сууриа олж авах тодорхой дохиог авлаа гэж олон улсын тоймчид харж байгаа, учир нь ОХУ-ын Украин дахь дайн зүүн өмнөд Европын геополитикийн тэнцвэрт байдлыг өөрчлөх аюул заналхийлж байна гэж тэд үзэж байна.

Европын холбоо “Баруун Балканы хойгийг тус Холбоонд гишүүнээр элсүүлэх хэтийн төлөвт бүрэн бөгөөд тодорхой байр суурьтай байгаагаа дахин нотолж” гишүүнээр элсэхийг хүсэгчидтэй энэ талаарх яриа хэлэлцээг түргэтгэхийг уриалсан байна.

Дайн нь эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэд нөлөөлж байгаа тул Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель тус бүс нутагт эрчим хүчний дэмжлэг үзүүлэх Европын холбооны амлалтыг дахин нотолсон байна.

Энэ үеэр мөн Мишель “Бидний хүүхдүүдийн ирээдүй Европын холбооны хүрээнд Баруун Балканы орнуудтай хамтдаа аюулгүй цэцэглэн хөгжинө гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж хэлсэн байна. Албани улсын Ерөнхий сайд Эди Рама тус дээд хэмжээний уулзалтыг Мишелийн хамтаар даргалсан бөгөөд холбооны тус байр суурийг талархан хүлээж авч буйгаа мөн индэр дээрээс илэрхийлжээ. Европын холбоо одоогоор 27 гишүүнтэй бөгөөд хамгийн сүүлд 2013 онд Балканы нэг хэсэг болох Хорватыг гишүүнээр хүлээн авсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо гишүүнээр элсэх хүсэлтэй орнуудын талаарх байр сууриа илэрхийллээ   
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй