Шууд Chart

Саудын Араб БНХАУ-тай 29 тэрбум ам.долларын гэрээ байгуулна

2022-12-08 11:02:55

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабын Хааны урилгаар тус улсад төрийн айлчлалаар очиж байна.

Саудын Арабын Засгийн газар дэлхийн газрын тосны хамгийн гол импортлогч Хятадтай эдийн засгийн харилцаагаа гүнгийрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа юм. Энэ үүднээс Ши Жиньпиний айлчлалын хүрээнд Хятадын Засгийн газартай 29 тэрбум америк долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

Энэ айлчлал газрын тосны төлөөх өрсөлдөөн, газрын тосоо борлуулахын төлөөх чармайлт хүчээ авч байгаа үед Хятад, Саудын Арабын аль алиных нь ашиг сонирхолд тун нийцсэн, цаг үеэ мэдэрсэн онцгой айлчлал гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпины Саудын Арабын Хаант улсад гурав хоногийн төрийн айлчлал хийхээр өчигдөр Эр-Риядад газардсан. Энэ нь Ши Жиньпиний хувьд цар тахал дэгдсэнээс хойш гадаад улсад хийж байгаа гурав дахь айлчлал, харин 2016 оноос хойш Саудын Араб улсад хийж байгаа анхны айлчлал юм.

Энэ нь хоёр орны хооронд түүхэн харилцаа болоод стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилготой, Саудын Арабын хаан Салманы урилгаар хийж байгаа айлчлал гэдгийг Эр-Риядын хэвлэлд онцолжээ.

Энэ айлчлалын хүрээнд Хятад Саудын Арабын анхны дээд хэмжээний уулзалт болохоос гадна Хятад Булангийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно. Хятадын дарга Саудын хаан болон угсаа залгамжлах хунтайжтай албан ёсны хэлэлцээ хийх юм байна.

Саудын Арабын эдийн засаг газрын тосноос олох орлогоос ихээхэн хамааралтай. Саудын Араб нь Украины дайны нөлөөгөөр дэлхий даяар газрын тосны нийлүүлэлтийн эрэлт өсөн нэмэгдэж байгаа энэ үед дипломат болон эдийн засгийн оролцоогоо өргөжүүлж байна.

Харин Хятад улс АНУ болон Өрнөдийн орнуудтай харилцаа нь тааруу байгаа үед Ойрх Дорнодын улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх сонихолтой байна. Бээжин зөвхөн газрын тосны нийлүүлэгчийн хувьд төдийгүй хүний эрх зэрэг өрнөдийн орнуудын хардлагад адил өртдөгийн хувьд Эр-Риядыг Ойрх Дорнодын гол холбоотноо гэж үздэг.

НҮБ Хятадын Шиньжаан Уйгар дахь хүний эрхийн зөрчил хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж мэдээлэхэд ч Сауд дуугүй байсан. Хятад улс бол Саудын Арабын худалдааны хамгийн том түнш. Саудын газрын тосны экспортын дөрөвний нэгийг Бээжин худалдаж авдаг.

Ши Жиньпиний айлчлал Хятад Саудын хаант улсын харилцаа гүнзгийрч байгаагийн тодорхой илэрхийлэл. Хятад улс чухал түнш болохын зэрэгцээ батлан хамгаалах салбарын харилцаа ч сайн хөгжиж байгаа, айлчлалын хүрээнд олон арван гэрээ байгуулах байх гэж Саудын улс төрийн шинжээч дүгнэсэн байна.

Саудын угсаа залгамжлах хунтайж 2019 онд Бээжинд айлчлахдаа эрчим хүчний гэрээ болон Хятад "Бүс ба зам" санаачилгын хүрээнд бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээр байгуулахад голлон анхаарсан яриа хэлэлцээг хийж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб БНХАУ-тай 29 тэрбум ам.долларын гэрээ байгуулна   
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй