Шууд Chart

БНХАУ-ын худалдаа 2020 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч буурав

2022-12-08 11:11:06

БНХАУ-ын худалдаа "Ковид-19" цар тахлын улмаас 2020 оноос хойш хамгийн доод түвшинд хүртлээ буурсан байна. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн 11 дүгээр сард Хятадын импорт 10.6 хувиар, экспорт 8.7 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Бээжингийн “Тэг Ковид” бодлого, дэлхий даяар эрэлт буурсан зэргээс шалтгаалан Хятадын экспортын орлого 296 тэрбум доллар болж бараг 9 хувиар буурсан нь 2020 оны анхны хөл хорионоос хойших хамгийн том агшилт гэж "Блүүмберг" мэдээлжээ.

Худалдааны энэ бууралт 2020 оны 2, 5-р сараас хойших импорт, экспортын огцом бууралтыг харуулж байна. Хятадын эрх баригчид цар тахлын дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Шанхай, Бээжин, Ченду зэрэг том хотуудад шинээр хязгаарлалт хийсэн ч аж үйлдвэрийн үйл ажиллагаа 11 дүгээр сард хоёр дахь сардаа дараалан буурахад нөлөөлсөн.

Хятадын хөл хорио тогтоож, нийтээр нь шинжилгээнд хамруулж, хилээ хаасан бодлого нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг гэртээ байхад хүргэсэн бол Америк, Европт эдийн засгийн уналт бий болох нь гэсэн айдас Хятадын бүтээгдэхүүний гадаад дахь эрэлтийг бууруулжээ.

Хятадын эдийн засаг 2022 онд 3 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх Засгийн газрын зорилтот 5.5 орчим хувиас буурсан дүн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж байгаа.

Хятадын Засгийн газар одоо эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд "Тэг ковид" бодлогоо сулруулах арга замыг эрэлхийлж байна.

ХКН-ын улс төрийн товчоо төсвийн бодлогыг идэвхтэй байлгаж, мөнгөний бодлогыг зорилтот түвшинд хэрэгжүүлэх замаар ирэх онд эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлнэ.

Дотоодын эрэлтээ нэмэгдүүлэх, хэрэглээний үндсэн үүрэг, хөрөнгө оруулалтын гол үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаа энэ долоо хоногийн лхагва гарагт мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын худалдаа 2020 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч буурав   
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй