Шууд Chart

Т.Баярчимэг: Нүүрний өнцгийг тодотгосон гэрэл сүүдэр, нүдний тод өнгө үдшийн гэрэлд гоё харагддаг

2022-12-08 12:29:15

Шинэ жилийн уур амьсгал эхэлсэн энэ үед бүсгүйчүүд нүүр будалт, хувцаслалтаа сонгож эхэлжээ. Иймд тэдэнд санаа болох үүднээс “3D Giimaa салоны үсчин, make up hair stylist Т.Баярчимэгтэй ярилцлаа.

-Энэ жилийн шинэ жилийн трэнд будалт ямар байна вэ. Бүсгүйчүүд юунд илүү анхаарах шаардлагатай вэ?

-Хурц тод өнгийн контур, тень ашиглаж нүдний хэлбэр засах будалт хийж байна. Мөн арьсыг хэт зузаан биш гялгар харагдуулах үүднээс тень будалт илүү трэнд болж байна. Шинэ жилийн будалт ер нь арай содон байдаг л даа.

-Таныг бүсгүйчүүдийн гоёлын даашинзнаас бусдыг урлаж өгдөг гэж ойлгосон. Тэгэхээр нэг хүнд бүрэн будалт хийхэд хэдий хэрийн хугацаа шаардагддаг вэ?

-Ажиллагаанаасаа хамаарч 40 минутаас нэг цагийн хугацаа шаардагддаг.

-Ази, Европ эмэгтэйчүүдийн нүүр будалтын ялгаа, онцлог мэдээж байдаг байх. Эсвэл тухайн хүнийх нь арьсны өнгө, биеийн хэлбэрээс шалтгаалдаг уу?

-Ази хүүхнүүд илүү махлаг нүүртэй, онигор нүдтэй, намхан хамартай. Тиймээс натурал маягаар хэрхэн том харагдуулах вэ гэдэг талд маш их анхаарахаас гадна шигтгээгээр чимэглэл хийвэл илүү дэгжин харагддаг. Гэрэл, сүүдрийн хувьд нүүрний өнцгийг илүү мэдрүүлсэн тод өнгө нь үдшийн гэрэлд гоё харагддаг. Харин европ бүсгүйчүүд ясны бүтэц том учир сүүдрийг маш бага хэрэглэдэг.

-Ямар өнгийн хувцас өмсөхөөс нь шалтгаалж нүүр будалт шийдэгддэг тал бий юу?

-Тэгдэг. Ямар өнгийн даашинз, хослол өмсөж байгаагаас нь шалтгаалж нүднийхээ тенийн өнгөний сонголтоо хийх нь тохиромжтой. Ингэснээр улам залуу, дэгжин, загварлаг харагддаг.

-Зарим эмэгтэй ямар нэгэн тос, кремнээс харшилтай байх магадлалтай. Тэгэхээр ямар ч хүнд тохирсон ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

-Харшилтай байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүний хугацаа дууссан эсэх, баглаа боодол нь зөв байна уу, эсвэл өөрийнх нь арьс хэт мэдрэмтгий юу гэдгээс шалтгаалдаг. Гэвч ямар ч тос түрхээд харшлаад байвал арьсны мэргэжлийн эмчид хандаж, тодорхойлуулах нь зохимжтой. Кремны дор олон бүтээгдэхүүн түрхэгддэг учир суурь бүтээгдэхүүн нь зөв бол кремнээс харшилна гэж бараг байхгүй.

-Бүсгүйчүүд өөрсдөө нүүр будахдаа гаргадаг алдаа юу байдаг вэ. Мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгнө үү?

-Мэргэжлийн хүнийхээ хувьд зарим эмэгтэйн буруу будалтыг хэлээд өгмөөр санагддаг. Гэхдээ сүүлийн үед сошиал их хөгжиж байгаа тул бүсгүйчүүд маань нүүр будалтдаа илүү анхаардаг болсон байна билээ. Зарим нь чөлөөт цагаараа өөрсдийгөө хөгжүүлж, сургалтад сууж, зөвлөгөө ч авдаг болсон. Нийтлэг алдаа нь хамрын гэрэл, сүүдэрт илүү хурц тод өнгө сонгосноос болж оворжуу харагддаг. Тэр ч бүү хэл, хамар нь өндөр биш харин ч нахиу харагддаг тал бий.

Мөн хөмсөг зурахдаа алдаа гаргадаг. Хөмсөг бол нүүрний хамгийн гол хэсэг учраас маш зөв хэлбэртэйгээр натурал байдлаар гаргах хэрэгтэй. Тэгвэл нүүрнийхээ хэлбэрийг засч, наснаасаа залуу харагддаг. Түүнчлэн нүдний контурын хувьд нүднийхээ хэлбэрийг засаж будахгүйгээр нүдээ унжуулах маягтайгаар төгсгөлийг нь буруу тодорхойлсны үндсэнд онцгүй харагддаг тал бий. Контурны хувьд шугам гэж байдаг. Тэрний дагуу будах ёстой. 

-Нүүр будалтаар нүүрний гажиг, хэлбэр, өө сэвийг нууж далдалж болдог уу?

-Болно. Зарим хүний нэг талын хацар том, эсвэл нэг талынх нь эрүүний яс илүү төвгөр байдаг. Үүнийг дээр дурдсаны дагуу гэрэл, сүүдрийн аргаар засч болдог.  

-Таны үндсэн мэргэжил гоо сайхан ч уу. Хэддэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-Миний үндсэн мэргэжил бизнесийн удирдлага. Гэвч ээж маань үсчин гоо сайхны салбарын хүн учир харсаар байгаад л илүү сонирхолтой болсон. Анх үсчнээр ажиллаж байгаад хоёр жилийн дараагаас make up-аар ажилласан. Үндсэндээ үсчин болоод 14, make up-аар ажиллаад 12 жил болж байна.

Үсчнээс өөр төрөл рүү шилжсэн шалтгаан минь гэвэл үсээ гоё засуулсан үйлчлүүлэгч маань нүүр будалтаа тохиромжгүй хийсэн байхыг нь хараад давхар ажиллах ёстой юм байна гэж бодсон доо. Энэхүү мэргэжилдээ хайртай, дуртай. Маш гоё мэдрэмж авдаг.   

-Хуримын, шинэ жилийн, төрсөн өдрийн гэх мэт баярын будалт өөр өөр байдаг байх. Аль нь танд хамгийн хялбар будалт вэ?

-Хуримаа хийж байгаа бүсгүй хамгийн аз жаргалтай, энхрийхэн, ялдам байдаг учир хэт их зузаан будалт хийдэггүй. Гэхдээ хэт нимгэн байвал бүтэн өдрийн турш будалт нь барихгүй байх талтай. Төрсөн өдрийн эзэн зочдоосоо шал өөр байх ёстой. Тэгж байж гол хүн маань ялгарч харагддаг. Гэхдээ хэмжээнээс нь хэтэрсэн будалт хийж болохгүй. Миний хувьд бүх будалтыг хийдэг болохоор тэр нь гэх боломжгүй юм байна.   

-Цаг авч будуулах гэсэн хүмүүс шөнийн цагаар ч ирж үйлчлүүлж байсан тохиолдол байдаг уу?

-Үйлчлүүлэгчид маань үүрээр, өглөө гэх мэт хэдийд ч зорин ирэх нь бий. Сайн өдөртөө амжуулахын тулд зарим хосын хурим шөнө ч болдог. Тэгэхээр надад тогтсон цаг гэж байхгүй.

-Сүүлийн үед эрэгтэйчүүд ч гэсэн хөнгөн будалт хийдэг болсон. Ялангуяа урлаг соёл, телевизийнхэн. Залуучуудад будалт хийж байсан уу. Хэрэв тийм бол ямар бэрхшээл байдаг вэ?

-Нүүр будалт гэдэг маш том соёл учраас жишээ нь БНСУ, Японы залуучууд өдөр тутам хөнгөн будалт хийдэг. Гэхдээ манай улсын залуучууд таны хэлсэн шиг эфирээр гарах, тайзан дээр гарахдаа л нүүрээ буддаг. Түүнээс биш өдөр тутам буддаг эрэгтэй хүн манай улсад байхгүй байх. Хэрвээ будсан байсан ч энэ соёл учир үгүйсгэх шаардлагагүй гэж боддог. 

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Баярчимэг: Нүүрний өнцгийг тодотгосон гэрэл сүүдэр, нүдний тод өнгө үдшийн гэрэлд гоё харагддаг  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй