Шууд Chart

ТАСС: Нийт 12.8 тэрбум ам.доллартай тэнцэх нүүрс хулгайлсан гэв

2022-12-09 11:27:53

Хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа талаар ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлсэнийг хүргэе.


Пүрэв гараг буюу эсэргүүцлийн жагсаалын тав дахь өдөр 1000 гаруй жагсагчид Улаанбаатар хотын төв талбайд цугласан байна. Энэ удаа Сүхбаатарын талбайд тус улсын өнцөг булан бүрээс морьтой жагсагчид хүрэлцэн ирсэн гэж ТАСС агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлэв.

Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу хотын төв талбайд морьтой орохыг хориглодог учир талбай дээр энэ хэдэн хоног үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтнууд морьтой иргэдээс тарахыг хүсжээ.

"Бид үймээн самуун бий болгох бус, харин Монгол улсын өнцөг булан бүрт энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэдгийг харуулахын тулд морьтой ирсэн. Бид эрх баригчдын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэхийг хүсэж байна" гэж морьтой залуучууд цагдаа нарт хариулсан байна.

Мөн тэдний хэлснээр 21 аймгаас 200 гаруй морьтой жагсагч Улаанбаатар хотод ирэхээр бэлдэж байгаа аж. Морьтой жагсагчид Улаанбаатар зочид буудлын ойролцоох цэцэрлэгийн зүг хөдөлсөн бөгөөд Засгийн газрын ордныг гурван удаа тойрох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Монголын Үндэсний Олон нийтийн радиогийн мэдээлснээр морьтой хүмүүсийг хот руу оруулахгүй байгаа юм байна.

Хятад улс руу гаалийн бүртгэлгүй хууль бусаар нүүрс гаргасан хэрэгт дургүйцсэн иргэдийн жагсаал 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн юм. Нийт 12.8 тэрбум ам.доллартай тэнцэх нүүрс хулгайлсан гэж тооцоолжээ. 12 дугаар сарын 5-ны өдөр жагсагчид Төрийн ордон руу дайрч орохыг завдсан байна.

Жагсагчид энэ хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн нэрсийг ил тод болгохыг шаардаж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар өндөр албан тушаалтай улстөрчид холбогдсон бололтой. 12 дугаар сарын 7-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус нүүрсний наймааг шалгах ажлын хэсэг байгуулсан тухай зарласан бөгөөд тус ажлын хэсэгт эрх баригчдаас гадна жагсаагчдын төлөөллөөс 100-аад хүн оролцуулах болсон байна.


ТАСС: Нийт 12.8 тэрбум ам.доллартай тэнцэх нүүрс хулгайлсан гэв  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй