
Их Британийн сангийн сайд Жереми Хант 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа банкны үйл ажиллагаатай холбоотой тогтоосон журмуудыг хөнгөвчлөх төлөвлөгөөгөө баасан гарагт зарлалаа. Энэ нь хөрөнгө оруулалт татах, Европын санхүүгийн тэргүүлэгч төв болох Лондон хотын статусыг баталгаажуулах зорилготой гэж мэдэгджээ. Мөн энэ төлөвлөгөө нь, 2020 онд Европын холбооны гишүүнчлэлээс татгалзсан Их британи улсад олон улсын санхүүгийн бусад төвтэй өрсөлдөх боломжийг олгоно хэмээн үзэж байна.
Энэхүү төлөвлөгөө нь сүүлийн 30 жилийн хугацаанд тус улсын банк санхүүгийн салбарт хийгдэж буй томоохон хэмжээний реформд тооцогдож байна. 30 гаруй өөрчлөлтийг багтаасан тус багцад банкируудын урамшууллын дээд хязгаарыг цуцлах, жижиг зээлдүүлэгчдийн хөрөнгийн шаардлагыг хөнгөвчлөх зэрэг багтаж байна. Засгийн газар мөн банкируудад гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага тооцдог зохицуулалтыг эргэн харж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтын зээлийг, харилцагчдад үйлчлэх өдөр тутмын үйл ажиллагаанаас салгах зэрэг үйл ажиллагааны өөрчлөлтүүдийг дурдлаа. Гэвч Их Британи ЕХ-ноос гарсан нь худалдаанд саад тотгор учруулж, зарим пүүс компани оффис, ажлын байраа Европын бусад хот нүүлгэхэд хүргэсэн гэж эдийн засагчид онцолж байгаа. Тухайлбал Өнгөрсөн жил Амстердам Лондонг гүйцэж, Европын хамгийн том хувьцааны арилжааны төв болсон ч Лондон санхүүгийн нийтлэг үйлчилгээний тал дээр хамгийн том төв хэвээр байна. Мөн 2008 оны хямралын үед Британийн засгийн газар зарим банкийг дампуурлаас аврахын тулд татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зарцуулахаас өөр аргагүйд хүрч байжээ. Тухайлбал 2007-2009 оны хооронд тухайн үеийн Лейборист намын засгийн газар банкуудыг аврахын тулд 137 тэрбум фунт стерлингийг улсын төсвөөс зарцуулж байжээ.
Хант мөн мэдэгдэлдээ инфляц 11хувьд хүрснээр Британийн айл өрхүүд санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч, 7 хоногийн хүнсний зардалдаа түүртэх болсон энэ цаг үед банкуудад илүү эрх чөлөө олгож, инфляцыг бууруулах нь хамгаас чухал байгааг онцоллоо.
ИБУИНХУ банк санхүүгийн салбарт шинэчлэл хийнэ | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.