Шууд Chart

БНХАУ Арабын орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

2022-12-11 14:09:38

БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь Арабын орнуудтай хийсэн анхны дээд хэмжээний уулзалтыг тэдний харилцааны түүхэн дэх чухал үйл явдал хэмээн өндрөөр үнэлж, Арабын ертөнцтэй нягт харилцаатай байхаа онцоллоо. Баасан гарагт Саудын Араб улсад болсон дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин болон Ойрх Дорнод, Африк дахь Арабын орнуудын удирдагчид оролцлоо.

БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь 2016 оноос хойш анх удаа Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийж тус бүс нутгийн 10 гаруй улсын удирдагчидтай Эр-Риядад нүүр тулан уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсан. Түүний айлчлал Баасан гаригт Катар, Бахрейн, Ирак, Жибути, Ливан, Алжир зэрэг Арабын орнуудын удирдагчидтай хийсэн дээд хэмжээний уулзалтаар үргэлжилжээ. Хятадын дарга Ши Жиньпин тус дээд хэмжээний уулзалтыг илүү сайн ирээдүй рүү тэмүүлсэн найрамдал, хамтын ажиллагааг бий болгож чадна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Хятад улс энэхүү дээд хэмжээний уулзалтыг "БНХАУ байгуулагдсанаас хойших Хятад, Арабын ертөнцийн хоорондын хамгийн том, дээд зэрэглэлийн дипломат арга хэмжээ" гэж тодорхойлжээ.

Уулзалтыг даргалсан Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын салбарт дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтыг даван туулахад хамтран ажиллах нь чухал юм хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн Арабын орнууд Хятад улсыг эдийн засгийн хүчирхэг гүрэн хэмээн ихэд олзуурхаж тус улстай олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ хэмээн Эн Эйч Кэй уламжилсан байна.

Харин олон улсын ажиглагчид Хятад улс Арабын орнуудтай харилцахыг чухалчилж байгааг онцолж, ингэснээр тус бүс нутагт АНУ-ын үзүүлэх нөлөөг сөрөх зорилготой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн нөгөөтээгүүр Хятад улс газрын тосны тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд Арабын ертөнцөд өөрийн оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байна гэж дүгнэсэн байна. Ингэснээр эдийн засгийн өргөн хүрээний бүс бий болгох зорилготой “Бүс ба зам” санаачилгаа сурталчилж байгаа юм хэмээн олон улсын шинжээчид дурджээ.

Хятад, Саудын Арабын засгийн газар бусад хувийн хэвшлийнхэнд худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг урагшлуулахад мөн дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж байна. Үүнд Технологийн салбар томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд Саудын Араб Хятадын Huawei компанитай Саудын Арабын хотуудад үүлэн тооцоолол, өндөр технологийн цогцолбор барих талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ."

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Арабын орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй