
Европын парламентын дэд ерөнхийлөгч Ева Кайлиг албан тушаалаас нь огцруулжээ. Тэрээр Катар улсын албан тушаалтнуудын оролцоотойгоор Европын холбооны чуулганд нөлөөллийн наймаалцал хийсэн хэрэгт буруутгагдан баривчлагдсаных нь дараа ийнхүү албан тушаалаас нь буулгах шийдвэр гарсан байна.
Персийн булангийн улсаас хууль бус нөлөөнд автсан байж болзошгүй хэргийг Европын холбооны парламентын танхимд шалгаж байгаатай холбогдуулан гэмт бүлэглэлийн гишүүн байсан, мөнгө угаасан, авлигын хэрэгт дөрвөн хүнийг буруутгаж байгаа гэж Бельгийн холбооны прокурорын газраас ням гарагт мэдэгдлээ.
Түүний нэг нь ЕХ-ны парламентийн дэд ерөнхийлөгч, Грекийн телевизийн мэдээний хөтлөгч байсан 44 настай Ева Кайлийн бүрэн эрхийг Грек дэх түүний нам болон ЕХ-ны ассамблейн Социалист ардчилсан бүлгээс түдгэлзүүлжээ. Түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхээс өмнө парламент дахь авлига, мөнгө угаасан хэргийг шалгах ажлын хүрээнд Бельгийн цагдаа нар Брюссельд 16 удаа нэгжлэг хийсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг саатуулан байцааж байгаа бөгөөд нэгжлэгийн үеэр 600,000 евро бэлнээр хурааж, мөн бусад компьютерийн тоног төхөөрөмж, гар утас зэргийг хураан авсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ЕХ-ны Парламентын ерөнхийлөгч Роберта Мецола "Европын парламентын дэд ерөнхийлөгчийн хувиар Ева Кайлийн эдэлж байсан бүрэн эрх, үүргийг даруй түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ" гэж түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ хэрэгт холбогдуулаан Грекийн социалист-Өөрчлөлтийн төлөөх Пасок хөдөлгөөний намын тэргүүн Никос Андрулакис ням гарагт тайлбар хийсэн байна. ЕХ-ны парламентын дэд ерөнхийлөгч Ева Кайлитай 2024 онд болох Европын сонгуульд нам нь хамтран ажиллахгүй гэдгийг тэр мэдэгджээ. Мөн энэ хэрэгт холбогдон баривчлагдсан бусад хүмүүсийн нэр албан тушаалыг олон нийтэд хараахан зарлаагүй байгаа ч ЕХ-ны парламентын гишүүн нэг хүн, мөн хууль тогтоогчоор ажиллаж байсан нэг гишүүн байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Европын холбооны парламентын дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.