Шууд Chart

Косово, Сербийн маргаан хурцадлаа

2022-12-13 11:02:39

Ням гарагт Косовогийн хойд хэсэгт хурцадмал байдал үүсч, шөнөжин буудалцаан, дэлбэрэлт болсны дараа Сербиүд авто замаа хаасан гэж Косовогийн цагдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Сербийн ерөнхийлөгчийн Косовогийн хойд хэсэгт энхийг сахиулах хүчнийхнийг байршуулахыг зөвшөөрөх талаар хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор байдал хурцадсан байна.

Косово дахь НАТО тэргүүтэй энхийг сахиулах хүчинд 1000 Серби цэргийг Косовогийн хойд хэсэгт байршуулахыг зөвшөөрнө гэж Сербийн ерөнхийлөгч мэдэгдсэнээс нэг өдрийн дараа хүнд даацын машин, механизм авч ирэн автозамыг хаасан байна. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич ням гарагт Косово дахь Сербичүүдэд хандан "бууж өгөхгүй, цаашид ч ийм зүйл болохгүй" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр Сербүүд Косовогийн аюулгүйн хүчнийхнээс өөрсдийгөө хамгаалахын тулд замын хашлага босгохоос өөр аргагүйд хүрлээ гэж мэдэгдсэн байна.

Харин Косовогийн Ерөнхий сайд Албин Курти Белградыг Косовогийн байдлыг тогтворгүй болгохыг оролдсон гэж буруутгаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрээр Серби хоёр талын харилцааг намжаах зорилготой ЕХ-ны зуучлалын яриа хэлэлцээг зогсоож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцүүлэхээр эрмэлзэж байна гэжээ. Мөн Белград Орос, Хятадаас дэмжлэг авахыг оролдож байна гэж мэдэгдсэн байна. Европын холбооны хууль дээдлэх төлөөлөгчийн газар буюу EULEX-ийн тэргүүн Ларс-Гуннар Вигемарк сүүлийн үеийн хүчирхийлэл, зам хааж буй явдлыг буруушааж, Косовогийн Сербиүдийг замуудыг чөлөөлж, яриа хэлцэлд нэгдэхийг уриалсан байна. Ням гарагийн мөргөлдөөний үеэр EULEX-ийн тагнуулын эргүүл рүү дуу алдуулагч гранат шидсэн тухай тэрээр мөн мэдэгджээ. Гэхдээ одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо хараахан албан ёсоор зарлаагүй байна.

Косово Сербиэс тусгаар тогтнолоо зарласнаас хойш ЕХ болон АНУ-ын албаныхан тэднийг намжаах оролдлого хийсэн ч хурцадмал байдал намжихгүй байна.12-р сарын 18-нд хотын удирдлагыг сонгох сонгууль хийхээр төлөвлөсөн байсан ч хойшлуулахаар болсон явдал, мөн Косовогийн Серби офицерыг баривчилсан зэрэг явдлууд мөн энэ удаагийн мөргөлдөөн үүсэхэд нөлөөллөө хэмээн тоймчид мэдээлэлдээ дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Косово, Сербийн маргаан хурцадлаа   
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй