Шууд Chart

У.Баярсайхан

МЗЭ-ийн гишүүн. яруу найрагч, сэтгүүлч


Миний өвөл...

2022-12-21 09:07:49

Өвөл. Энэ их өлчир улирал л даа. Домог сөхвөл үхэр л бидэнд ӨВӨЛ хэмээх цагаан улирлыг олж өгсөн юм л даа...

Би өвөлтэй элс нь нурсан их хөлтэй Хөвчийн өвөлжөөнд танилцсан юм. Ер нь бол би хүн болж, хүзүү толгой зүүгээд  энэ л өвөлжөөн дээр анхны цас тооноор будрахыг харж азарган нэхий өлгийтэй учирсан хүн л дээ.

Миний бага насны өвөл ХӨВЧ-ийн өвөлжөөнд хөмөн гутал хөдсөн дээлтэй нөхөрлөж хотолсон хонины дундуур шахцалдан тоглож, хөлдүүс овоолоход нэмэр болж өссөн. Сургуульд орсон үеэс өвлийн амралтаар ирж ширээ хөх атаа унаж хонь хариулан хоёр бөхнийх нь хооронд хацраа наагаад явахад одоон цагийн халуу дүүгсэн машины бүхээгнээс хол илүү дулаахан байдаг сан.

Хацар гэж гэрэлтсэн улаан юм. Үнэгэн лоовууз ах нарыг дуурайж хөндлөн тавиад тааваараа нэг явдаг сан... Өндөрхөн элсэн бөөргийн орой дээрээс алсыг саравчлахад өвөлжөөний тэндээс тэнгэр шиг цэнхэр утаа эгц дээшээ угалз татаад л... Бөөр нь улайсан зуухны дэргэд ээж минь утас ээрч суугаа нь хүртэл харагдах шиг болдог сон.

Богинохон өдрийн наран удаж төдөлгүй л баруун хойш ташаад ирэхүйд хонио эргүүлж орхиод хөх атаа гуядан гуядан гэрийн зүг яарна даа.

Юундаа ч яарч байсан юм. Радиогоо сонсох гэж, үлгэрээ яриулах гэж л тэгдэг байсан юм бол уу...

Миний өвөл цаг сайхаан сайхан.  Өдрөөс өдөрт өсөж түүнийг нь батлах гэсэн шиг хормой нь огсойж байгаа нэхий дээлнийхээ ханцуйд тусдаа нударга залгаж оёсон ханцуйвч угалчихна. Үүнээс илүү дулаална гэж юу байхав. Өвөл дулаахан. Өлчир нас ч дулаахан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Миний өвөл...  
Үзсэн: 3691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Айбике [127.0.0.xxx] 2023-11-21 17:51
Өвөл
Айбике [127.0.0.xxx] 2023-11-21 17:50
Өвөл улирал

Бидэнтэй нэгдээрэй