
Афганистанд эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглох шийдвэр энэ 7 хоногт гарч, дотооддоо болоод олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Талибуудын Засгийн газрын Дээд боловсрол эрхэлсэн сайд энэ тухайд мэдээлэл өгч, дээрх шийдвэрийг хамгаалсан байр суурь илэрхийлжээ. Тэрбээр мөн, улс орнуудыг дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгаад буруутгасан байна.
Нида Мохаммад Надим хэмээх энэ сайд их сургуулиудад эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг дор суралцах нь зохисгүй. Мөн тэнд заадаг зарим хичээл исламын зарчимд харшилдаг гэж үздэг учраас талибууд энэ хориг тогтоох зайлшгүй шаардлагатай болсон гэж ярьжээ.
Мөн дараагийн шийдвэр гарах хүртэл ийм хориг үйлчилнэ гэж мэдээлсэн байна. Афганы телевизэд ярилцлага өгсөн энэ сайд "Тэрчлэн олон улс, тэр дундаа Саудын Араб, Турк, Катар зэрэг мусульман шашинт орнууд шийдвэрийг өргөнөөр буруушааж байгааг няцааж, гадныхан Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох ёстой" гэж мэдэгджээ.
Өмнө нь мужийн захирагч, цагдаагийн дарга, цэргийн командлагч зэрэг ажил эрхэлж байсан энэ хүн өнгөрөгч 10-р сард Талибаны дээд удирдагчийн шийдвэрээр сайдын албанд тохоон томилогдсон юм байна.
Өмнө нь тэр бас шашны бус сургалтыг хаана гэж амлаж байсан байна. Эмэгтэйчүүд хувцаслалтын дэг ёсыг гажуудуулдаг, мөн тодорхой зарим хичээл, агуулгыг тэд судлах ёсгүй гэж үзэж байгаа нь мөн эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглох шийдвэр гаргах бусад нөхцөл шалтгаан болсон гэж энэ сайд дурдсан байна.
Эдгээр асуудлыг арилгах ажил явагдсаны дараа их сургуулиуд эмэгтэйчүүдэд эргээд нээлттэй болно гэж мөн ярьсан байна. Гэвч ажиглагчид, ахлах ангийн эмэгтэй сурагчдын тухайд мөн ийм тайлбар хэлж, дүрэмт хувцас болон тээвэр унаатай холбоотой техник асуудлуудыг шийдсэний дараа сургуульд нь явуулна гэж байсан ч асуудал өнөө хэр бахь байдгаараа байгааг сануулж байна.
Эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглосонтой холбоотойгоор Афганистаны дотоодод чамгүй эсэргүүцэл дэгдэж, тэндхийн хамгийн нэр хүндтэй спорт-крикетийн хэд хэдэн тамирчин энэ эсэргүүцэлд нэгджээ.
Мөн Нангархар мужийн анагаахын сургуулийн эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж хичээл хаясан байна.
2021 онд засгийн эрхэнд гарч ирэхдээ охид, эмэгтэйчүүд болоод үндэсний цөөнхийн эрхийг хүндэтгэж аядуу бодлого явуулна гэж амлаж байсан талибууд энэчлэн шариатын хууль буюу исламын шашны хатуу дэг ёс баримтлал нэвтрүүлэх нь газар авсаар байгаа юм.
Талибаны Засгийн газрын сайд эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглосон шийдвэрээ хамгаалав | ||
Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.