Шууд Chart

АНУ-ын 118-р Конгресс өнөөдрөөс ажилдаа орно  

2023-01-04 12:12:35

АНУ-ын 118 дахь удаагийн Конгрессын гишүүд тангаргаа өргөж ажилдаа орно. Мөн энэ үеэр Калифорни муж улсаас сонгогдсон конгрессын гишүүн Кевин Маккарти бүгд найрамдах нам нэгтнүүдийнхээ хангалттай тооны саналыг авч, Төлөөлөгчдийн танхимын дарга болж чадах эсэх нь гол анхаарал татаж байна. Өнгөрсөн 11 сард болсон завсрын сонгуулийн дүнгээр бүгд найрамдахчууд 222 суудал авч ТТ-д олонхи болсон болсон. Улмаар ардчилсан намын гишүүн Нэнси Пелосийн хашиж байсан Төлөөлөгчдийн танхимын даргын алба БНН-ын гишүүнд шилжих ёстой болж байгаа юм.

57 настай Маккарти 435 хууль тогтоогчдоос бүрддэг Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдоход тун ойрхон байгаа ч, өөрийнх нь намын хэд хэдэн гишүүн эсрэг саналтай байгаа нь байдлыг эргэлзээтэй болгожээ. Уг нь журмаараа бол, Төлөөлөгчдийн танхимын даргыг гишүүд нь тангаргаа өргөхөөс өмнө санал нэгдэж сонгодог учиртай байна. Харин консерватив үзэлт Маккарти 11 сард болсон БНН-ын бүлгийн хурлаас 188 санал авч, дараагийн оролдлогоороо өөрийн дэмжигчдийн тоог нэмж чадсан юм байна. Гэвч өөрийнх нь намын бүлгийн 5-6 гишүүн Маккартиг консервативчуудын үйл хэрэгт хангалттай үнэнч бус гэж үзэн түүнийг сонгохын эсрэг санал илэрхийлж байгаа юм байна. Улмаар сүүлийн 100 жилд анх удаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний санал хураалтаар сонгож чадахгүй байж мэдэхээр байгааг америкийн хэвлэлүүд тэмдэглэж байна. Хэрвээ Маккарти энэ албанд сонгогдоход шаардлагатай 218 санал авахгүй бол, Маккарти эсвэл өөр хэн нэг нэр дэвшигч хангалттай тооны санал авах хүртэл санал хураалт явуулах ёстой болох юм байна.

Сенатын даргаар харин, дэд ерөнхийлөгч Камала Харрис хэвээр үлдэж, ардчилсан намын Чак Харрис, бүгд найрамдах намын Митч Макконнелл нар тус тус олонхи болон цөөнхийн бүлгийн даргын албаа үргэлжлүүлэх бололтой. Сенатын өмнөх бүрэлдэхүүн Ардчилсан нам, Бүгд найрамдах нам адил тэнцүү 50, 50 суудалтай байсан бол, сая сүүлийн сонгуулийн дүнгээр ардчилагчдын давамгайлж 51, 49-ийн харьцаатай болжээ. Конгресст хяналтаа тогтоосон бүгд найрамдахчуудын тухайд үрэлгэн байдлыг эцэс болгох, ялангуяа нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хязгаарлах амлалт өгч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 118-р Конгресс өнөөдрөөс ажилдаа орно    
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй