Шууд Chart

“Гайхмаар сүртэй явдал” өгүүллэг

2023-01-16 15:08:47

Монголын зохиолчдын эвлэл “Жендерийн мэдрэмжтэй зохиолчид” төсөл хэрэгжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг төслийн хүрээнд зорилтот бүтээл бүтээх 15 зохиолчийг нас, хүйс, амьдарч буй газар, бичлэгийн олон төрөл жанраар туурвидаг байдлыг харгалзан сонгосон бөгөөд тэдний бүтээлийг цувралаар уншигчдад хүргэж байгаа аж. Түүнчлэн шилдэг нэг өгүүллэгийг шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг-2022” наадмын үеэр үзэгчдэд хүргэнэ.

Ангийн багш гэж хөх халимагтай өвгөн хар пүүсүүгээр өнгөлсөн сэгсүүргэн дээлийнхээ ханцуйг шамлаж энгэрээ задгайлаад

- Бум-Аюуш бос! Очиж очиж дууны хичээл дээр муу гарсан байдаг. Журнал аваад яв. Намайг онц гаргаад өг гэж байна гээд шууд хэлээрэй. Онц тавиад өгчих байх гэлээ.

Бумаа баяр хөөртөө тээглэж унах шахан гарч гүйснээ удалгүй нус нулимсандаа орооцолдсон юм ангид орж ирэв. Ангийн багш Цэдэндамба нүдээ бүлтийлгэн 

- Чи яав?

- Дуу хөгжмийн багш миний дүнг засаж өгсөнгүй.

- Журнал яав чи?

- Эрдэнэчимэг багш аваад үлдсэн.

- Ашгүй дээ тэгвэл чи онц гарч байх шиг байна.

Эрдэнэчимэг багш орж ирээд захирал хүртэл ахмад багш гээд гөлөлздөг Цэдэндамбад тулж:

- Би энэ хүүхдийг онц гаргаж чадахгүй шүү гэж хэлэв.

- Чадах болно доо хүү минь чи

- Чадахгүй ээ

- Чи удирдлагынхаа үүрэг даалгаврыг биелүүлнэ үү байна уу дураараа л бол. Хичээлийн эрхлэгч энэ хүүхдийг онц гарга гэсэн гээд зарим үед хөгшин хүнд илүүдсэн юм шиг санагдах хиймэл шүдээ яралзуулан инээлээ. Эрдэнэчимэгээс нүднээс нь гал, нүүрнээс нь омогшил дүрэлздэг байлаа.

Жавар тачигнасан тэр өдрийн хичээл тарсны дараа Бум- Аюушийн аав Төмөр гуай Энхбаярын хашаанд орж ирэн, түлээний сүхийг модны дэргэдээс аваад хар дуугүй мод хагалж эхлэв. Мөрийг нь дараад Эрдэнэчимэг багш ороод ирлээ.

- Та овжин байна. Манайд түлээ мод бэлдээд өгөх хүн хэрэгтэй байгааг мэдээд ирж. Би танаас гуйгаагүй. Авлага нэхсэн тус гэж байдаггүй юм. Гар та.

- Шууд юм гуйж нүүр хиртсэнээс дээр л гэж бодсон юм. Миний дүү юм үзээгүй бол үз. Юм үзсэн бол юм үзсэн хүн шиг бай.

- Тэр бүтэхгүй ээ. Та  гар, Та тус болоогүй намайг элэг барьж байна. Яв, би сүхээ авъя гээд түлээний сүхээ Төмөрийн гараас авлаа

- Би танайд тус болох гэж ирснээс элэг барих гэж ирээгүй . Би түлээ модыг чинь хагалж өгөөд явах болно. Хэн хэнд минь тус дэм хэрэгтэй байна. Чи ч гэсэн миний хүүгийн дүнг засаад өг. Ямар дайснууд байгаа биш. Уруул нээвэл уушги нээгдэнэ гэдэг. Алив наад сүхээ өгөөдөх гээд гараас булаан авав.

- Та надад тус болж байгаа бол баярлалаа, харин та хүүдээ гай болж байна.

- Танай модыг би бүгдийг нь хагалж өгөөд явна, хариуд нь чи миний хүүг онц гаргаад өг. Энд ямар юмны гай байна.

- Та сүх өгөөдөх

- Цаашаа чи наашаа ойртвол толгойд чинь зооно шүү. Ер нь миний миний хүүхдийн дүнг засаж өгөхгүй бол энэ сүхийг би чиний толгойд зооно шүү хүүхдийн дүн засаж өгөөрэй чи

- Пөөх та чинь юмны учир ойлгодоггүй ийм аймаар хүн байсан юм уу...

Эрдэнэчимэг багш гарч гүйгээд хэсгийн төлөөлөгчийг дагуулан ирж Төмөрөөс саллаа. Эрдэнэчимэг сургуулийн зүс гундмал бүүдгэр хонгилд халааснаасаа торгон алчуур гаргаж ирээд дуу шуугианд хатуурсан чих, анги танхимын өлөн тоосонд дарагдсан нүүрээ арчаад,  сургуулийн өмхий үнэр шингэсэн алчуур уруугаа үнэртэй ус цацан, халаасандаа хийв. Тэгээд гараа  элгэндээ зөрүүлэн бодолд автан хэсэг зогсож байснаа хичээлийн эрхлэгчийн хаалгыг татан оров.

- Ангийн багш нь сурагчтайгаа хамтран дүн дээрэмдэх гэж байна гэж хэлээд үүд уруу шууд алхсанаа хаалган дэргэдээс эргэж харан

 - Та дэмжиж байгаа бол би зохих газарт нь мэдэгдэнэ гээд гарах хаалгыг түлхтэл эрхлэгч том алга нүдээ эргэлдүүлэн

 - Эрдэнэчимэг ээ наашаа суу. Чи Бум-Аюушийг заавал дуулуулж биш, онол түүх яриулаад онц гаргаж болно шүү дээ. Чадахгүй зүйлийг нь шаардах хэрэг байхгүй. Би огт дуулж чадахгүй. Тэгтэл чиний конспектийг баталдаг. Амьдрал ийм байна. Амьдралтай эвлэр.

Хичээлийн эрхлэгчийн хэтэрхий хээгүй гэж болох эсвэл элэг барьсан ч байж мэдэх үгийг Эрдэнэчимэг тэвчсэнгүй.

- Та тэгж бодож байгаа бол шийдвэрээ гаргаарай. Би дүн хүчээр тавиулдаг үнэ хүндгүй хичээл зааж чадахгүй. Эрхлэгч харцаа хурцлан ширтээд

- Айхтар юм болох нь ээ гэж хөхрөв. Монгол улсын хэмжээнд хүний хүүхдийг дууны хичээл дээр муу гаргаж байсан түүх байхгүй болов уу? Нөгөө талдаа чи юу заана хүүхэд тийм л байх болно. Чи Бум-Аюушид муу тавьж байгаа чинь өөртөө л муу тавьж байгаа хэрэг шүү дээ.

- Тийм бол би өөртөө муу тавилаа. Одоо болов уу? гээд хаалга хаагаад гарахад нь

“Эрдэнэчимэг багш залуу хүн гэхэд овоо шүү. Эцэг эх нь  ямар билээ. Энэ хүүхэн  давж чадах болов уу даа” гээд толгой сэгсрэн инээж суулаа. Нэг алхаагүй байтал сургуулийн захирал Цоодол дуудав. Яваад ортол

- Чамайг ажлаас чинь хална. Манай сумынхан хөөнө гээд хоёр гар нь Эрдэнэчимэгийг цохиж унагах жинтэй юм хайгаад, хөл нь газарт тогтохгүй дэнжгэнэж байлаа. Гүйгээд гартал

- Чамайг Эрдэнэчимэг гэдэг үү? Нэгдлийн дарга дуудаж байна гэв. Яваад орлоо.

Дарга эз дийлдэг эрх хүүхэд шиг маадайгаад.

- Танай  нөхрийг дуудуулсан. Тэр нөхрийг дуулуулна. Тэр дуулж чадах уу?

- Маруухандаа

- Түүнийг тэгвэл зовоохоо болъё. Хариутай бол бариутай гэдэг. Чи  Бум-Аюушийн дүнг засчих гэлээ.

- Тэр бүтэхгүй гээд гарах хаалга руу хартал нэгдлийн даргын хоолой багтарч

- Би чамд шөлний хонь цохож өгөхгүй харж байгаарай гэж хяхтнав.

Гэрээдээ явах замд зөрж өнгөрсөн сумын төвийнхний нүд зуудаг нохойны шүд шиг ярзалзаж, ноход нь “шилжиж ирсэн чамд гишгэх газар байхгүй шүү” гээд пөн пөн хуцаж байв.

Гэртээ ороод иртэл түүний нөхөр Энхбаяр халуун галын дэргэд байгаа хөх ваннд ус дүүргээд алчуур саван барьчихсан

- Миний хань хувцсаа тайл. Олны хэл амыг угаая гээд зогсож байв. Эрдэнэчимэгийн сэтгэл далайн түрлэг эргээд савандаа дүүрэх шиг зайдаа цугларав. Ханийнхаа гар дээр эрхлэн, төрүүлээд  ойндоо хүрээгүй балчир  охин Баярмаа шигээ тарвалзаж байтал хаалгыг нь хүн тогшив. Эр эм хоёр намбалагтаа ороод үүдээ нээтэл Нармандах хүү Бум-Аюушаа дагуулж орж ирээд мэнд мэдсэнгүй шууд

- Миний хүү дуул гэж Бум-Аюушийг албадав

Бум-Аюуш сандарснаас хамар нь бурзайтал хөлрөөд хөл нь чичирч байснаа

Үрэл гэдэг модоороо

Өлгийг нь сийлсэн аав минь ээ хө гэж дуулж дуусаад нүдээ нээсэнгүй гараа тас атган номхон зогсож байв. Эрдэнэчимэг багш асгартал уйлснаа гүйж очин

- Бумаа чиний ичих бэтэг хагарлаа. Нармандах эгч ээ та дэлхийг уяраах дуучныг нээж өглөө гэв.

Нармандах:

- Би энэ хүүг 12 нас хүртэл өсгөхдөө ийм гайхамшигтай дуучин төрүүлснээ мэдсэнгүй. Миний хүүг таньж дахин төрүүлсэн танд баярлалаа.

- За яамай даа танай сумынхан намайг хөөх байх. Харин Өвөрхангай аймгийн Тарагт сумаас дэлхийд гайхагдсан дуучин төрнө гэж их үйлс бүтээсэн нь тодорхой Эрдэнэчимэг багш хэллээ. Гоо үзэсгэлэнгээрээ сумын төвийн эрчүүдийн гар хөлгүй болтол сөхрүүлж, эмэгтэйчүүдийн элгэн дээгүүр явдаг Наранмандах

- Намайг байхад чамайг хөөх хүн гарах юм бол тэр өөрөө л гишгэх газаргүй болно гэж сэгсэлзлээ.

Оросын Холбооны Улсын Их театрт Л.Ошанины 90 насны ойгоор франц дуучин Бу Мэеар “День Победи”-г дуулсан даа. Франц Мэеар бол 1975 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд надтай хамт 5-р ангид сурч байсан Бум-Аюуш юм. Франц улсын иргэн  Бу Мэеар ( Бум-Аюуш) Монголынхоо хаяанд ойрхон нэг удаа л ингэж дуулжээ. Бу Мэеарийг хятад хүн гэж эндүүрэн бичээд байгаа нь Монгол гэдэг нэрийг дэлхийд тамгалах  зай дутсаных, зай ч Бумаад байгаагүй болохлоор гай нь тэгж таарсных биз.


“Гайхмаар сүртэй явдал” өгүүллэг  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй