Шууд Chart

АНУ Ираны эсрэг авч буй Европын холбооны хориг арга хэмжээнд нэгдэнэ

2023-01-25 11:45:28

Иранд олон сар үргэлжилсэн эмэгтэйчүүд охидын эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаалыг тус улсын эрх баригчид, цагдаа хүчнийхэн хүчирхийллийн аргаар дарахыг завдаж, хүний эрх чөлөөг хэт боогдуулсан гэж үзэн Европын холбоо удаа дараа тус улсын эсрэг хориг арга хэмжээг авч ирсэн. Даваа гарагт Европын холбооноос шинээр зарласан хориг арга хэмжээ нь 4 дэх удаагийнх болж байгаа юм.

Харин Энэ удаад АНУ тус хоригт нэгдэж байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Өнөөдрийн арга хэмжээ бол манай холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний үндсэн дээр Ираны эрх баригчид энх тайванч жагсагчдын эсрэг хэрцгий, хүчирхийллийн чанартай ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсын хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн олон тооны хориг арга хэмжээний сүүлийнх нь болж байна" гэж мэдэгдээд тус арга хэмжээнд АНУ нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Брюссельд болсон уулзалтын үеэр Европын холбооны гадаад хэргийн сайд нар Ираны Спорт, залуучуудын сайд Хамид Сажжадид аялах эрхийг нь түдгэлзүүлж, хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авахаар тохирсон байна. Учир нь тэрээр Сөүлд болсон тэмцээнд толгойн өмсгөл өмсөөгүй уралдсан Ираны хаданд авиралтын тамирчинг буруутгаж, тамирчдын үг хэлэх эрхийг хассан гэж мэдэгджээ. Мөн Ираны цагдаагийн тусгай хүчнийг "зэвсэггүй жагсагчид, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хэт их хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хөнөөн хүч хэрэглэсэн, жагсагчид руу автомат буугаар галласан" гэж Европын холбооноос буруутгаж байгаа юм байна.

Энэ удаагийн хориг арга хэмжээг зарлахаас өмнө өнгөрсөн оны 9-р сарын дундуур Иранд Махса Аминигийн амь үрэгдсэн хэргээс улбаатай эсэргүүцлийн жагсаалын улмаас хүний эрх зөрчигдсөн гэж үзэн Европын холбооны 27 орон Ираны албан тушаалтнууд, байгууллагууд, тэр дундаа сайд, цэргийн офицерууд, Ираны ёс суртахууны цагдаа нарын эсрэг гурван удаагийн хориг арга хэмжээ аваад байсан юм. Эдгээр нь, иргэд олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааг хүчээр нухчин дарж, тэдгээрт оролцогчдыг цаазалсны хариуд Ираны Исламын хувьсгалыг хамгаалах зөвлөлийн гишүүд зэрэг 146 хувь хүн, 12 байгууллагын эсрэг чиглэсэн байна. Мөн Ираны исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг "террорист байгууллага" гэж зарлах асуудал яригдаж байгаа.

Харин Ираны зүгээр тус арга хэмжээг эсэргүүцэн "Европын парламент өөрөө өөрийнхөө хөлийг тушлаа" гэж Ираны Гадаад яамны сайд Хоссейн Амир Абдоллахиан ням гарагт Твиттерт бичжээ. Олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаачлан, олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцон, цэрэг цагдаагийнхны аминд хүрсэн хэргээр одоогийн байдлаар Иранд 4 хүн цаазлуулсан, өөр 15 хөвгүүд залуучууд ийм ял хүлээх эрсдэлд байна гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ираны эсрэг авч буй Европын холбооны хориг арга хэмжээнд нэгдэнэ   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй