Шууд Chart

Пхеньянд амьсгалын замын өвчлөлийн улмаас хөл хорио тогтоожээ

2023-01-26 14:45:28

Умард Солонгост амьсгалын замын өвчлөлийн тохиолдлууд ихэссэний улмаас нийслэл Пхеньянд тав хоногийн хөл хорио тогтоожээ.

Тус улсын Засгийн газрын мэдэгдлээс иш татан Өмнөд Солонгосын “Эн-Кей ньюз” порталд энэ тухай мэдээлсэн байна.

Мэдээллээс үзвэл, томуу болон амьсгалын замын өвчтэй хүний тоо ихэссэний улмаас лхагва гарагаас эхлэн энэ сарын 29-ний ням гарагийг дуустал тав хоногийн туршид өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тусгайлсан арга хэмжээ авахаар болжээ. 

Энэ хугацаанд нийслэл дэх иргэд, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байж, өдөртөө хэд хэдэн удаа биеийн халуунаа шалгахыг үүрэгдсэн байна.

Умард Солонгос дахь Оросын Элчин сайдын яам мөн энэ талаарх орон нутгийн эрх баригчдын мэдэгдлийг фэйсбүүк хуудсандаа оруулжээ.

Умардын Гадаад хэргийн яамны гэх уг мэдэгдлийн дагуу гадаад улсуудын дипломатчдыг мөн ЭСЯ-ны байр, эсвэл гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна.

Бас өдөрт дөрвөн удаа биеийн халуунаа үзэж, холбогдох эмнэлгийн байгууллагад мэдээлж байхыг хүсчээ.

Энэ албан мэдэгдлийн дараагаас Умард Солонгосын нийслэлд хоол хүнсээ базаах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн эрс ихсэж, гудамж замуудад түгжрэл илт нэмэгдсэн талаар эх сурвалж Өмнөдийн “Эн-Кей ньюз” порталд ярьсан байна.

Ерөнхийдөө өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн Пхеньянд дэлгүүр, бусад олон нийтийн газрууд руу орох үедээ халуунаа шалгуулах хүмүүсийн тоо олширсон гэж мэдээлэлд дурджээ.

Энд сануулахад, БНАСАУ-д өнгөрсөн оны тавдугаар сард анх коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлаж байсан. Түүнээс гурван сарын дараа тус улсын удирдагч Ким Жон Ун вирусийг амжилттай дарж, цар тахлын эсрэг тэмцэлд ялалт байгууллаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Тус улсын 4 сая 770 мянга гаруй хүн коронавирусээр өвчлөн халдвар газар авсны шалтгааныг тухайн үед Пхеньян Өмнөд Солонгосоос хил давуулан бөмбөлөг хийсгэж байсантай холбон авч үзэж байсан.

Тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлэл одоо олон нийтийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пхеньянд амьсгалын замын өвчлөлийн улмаас хөл хорио тогтоожээ  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй