Шууд Chart

БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана

2023-01-29 11:53:49

Өмнөд Солонгосын засгийн газар Хятадад цар тахлын хорио хязгаарлалтыг цуцалсан нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэсэн болгоомжлолын үүднээс эх газрын Хятадаас ирэх иргэд жуулчдад тогтоосон богино хугацааны визний хязгаарлалтаа нэг сараар сунгахаар болсон байна. Тус улс энэ сарын эхээр зарласан визний хязгаарлалтаа энэ сарын сүүлээр цуцлахаар төлөвлөж байсан юм. Гэвч Хятад дахь ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдлыг харгалзан 2-р сарын сүүл хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Өмнөд Солонгосын засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хилээр нэвтэрсэн 1404 хүний шинжилгээний хариу эерэг гарснаас 890 нь Хятадаас ирсэн иргэд байжээ.

Иймд Дорнын ард түмний цагаан сарын баярын дараа Хятадад ковид-19 цар тахлын халдварын тархалт эрс нэмэгдвэл Өмнөд Солонгост халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж тус улсын албаныхан болгоомжилж байна. Гэхдээ Хятадад цар тахлын халдвар буураад нөхцөл байдал дээрдвэл Өмнөдийн засгийн газар визний хязгаарлалтыг хугацаанаас нь өмнө цуцлах юм байна. цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Өмнөд Солонгосын тал Хятадаас ирж байгаа иргэд жуулчдаас хил дээр ирэхээс өмнө өгсөн шинжилгээний сөрөг хариу болон хил дээр ирэхээр нь ПиСиАр шинжилгээ авах журмаа 2-р сарын сүүл хүртэл үргэлжлүүлэх юм байна.

Харин Бээжин Сөүл иргэдэд нь визний хязгаарлалт тогтоосны хариуд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Өмнөд Солонгосын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоосон юм. Одоо Өмнөд Солонгосын засгийн газар визний хязгаарлалтаа сунгахаар Бээжингийн зүгээс дахин хариу арга хэмжээ авч магадгүй гэж хэвлэлд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ БНХАУ-аас ирэх иргэд жуулчдад тогтоосон визний хязгаарлалтаа сунгана   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй