Шууд Chart

БНХАУ-д цагаан сарын баярын амралтаараа дотооддоо 300 гаруй сая хүн аялж, зорчжээ

2023-01-29 12:00:51

Хятадын цагаан сарын баярын амралтаар дотоод, гадаад аялал өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал 27-ныг хүртэлх баярын 7 хоногийн амралтын хугацаанд зөвхөн дотооддоо 308 сая хүн аялж зорчсон байна. Энэ нь өмнөх оны цагаан сарын баярын дотоод аяллын дүнгээс 23,1 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус улсын статистик мэдээлэл харуулсан байна. Энэ тоо цар тахлын өмнөх буюу 2019 оны аялал жуулчлалын дүнгийн 90 хувьтай тэнцэж байна. 7 хоног үргэлжилсэн баярын амралтын үеэр зөвхөн дотоод аялал жуулчлалын орлого нь 375 тэрбум юань буюу 55,5 тэрбум америк долларт хүрч, өмнөх оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэ сарын 21-нээс хойш үргэлжилж байгаа Хятадын ард түмний уламжлалт цагаан сарын баярын амралтын хугацаанд тус улсын аялал жуулчлалын А зэрэглэлийн 10 гаруй мянган дурсгалт газрын 73,5 хувь нь ердийн цагийн хуваарийн дагуу ажилласан байна.

Мөн Хятадын аялал жуулчлалын яам шөнийн аялал жуулчлалыг сэргээх зорилгоор улсын хэмжээнд соёл, аялал жуулчлалын олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хятадын засгийн газар энэ сарын эхээр л ковид-19 цар тахлын халдвараас сэргийлэх тэг ковид бодлогоо зогсоож, хилээ нээсэн. Үүний үр дүнд Хятадын олон сая иргэн аялал жуулчлалын гол газруудаар аялж зугаалж байна. гэхдээ тус улсын зарим иргэд хөдөө орон нутгаар цар тахлын халдвар нэмэгдэж, коронавирусний шинэ хувилбар тархаж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс гэртээ баяраа тэмдэглэхийг илүүд үзэж байгаа юм байна. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр энэ 7 хоногийн пүрэв гараг хүртэлх зургаа хоногийн хугацаанд Хятадаас 1,2 сая хүн гадаадад аялжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д цагаан сарын баярын амралтаараа дотооддоо 300 гаруй сая хүн аялж, зорчжээ   
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй