Шууд Chart

БНЧУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Петр Павел ялалт байгуулав

2023-01-30 13:02:16

Бямба гарагт явагдсан Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд НАТО-гийн цэргийн хорооны дарга асан, чөлөөнд гарсан генерал Петр Павел ялалт байгуулжээ. Тэрээр Чехийн ерөнхий сайд асан, тэрбумтан Андрей Бабишийг ялсан байна. Нийт саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар, Павел 58, Бабиш 42 хувийн санал авчээ.

Чехийн засгийн газрын тэргүүн Петр Фиала Петр Павелд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Петр Павел нь 1993 онд Чех улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш сонгогдож байгаа тус улсын дөрөв дэх ерөнхийлөгч юм. Тэрээр 10,5 сая хүн амтай, НАТО болон Европын холбооны гишүүн өөрийн улсад “дэг журмыг сэргээн тогтооно” гэж амлаж байгаа юм. “Ард иргэд эмх цэгц, дэг журамгүй, бүрхэг ойлгомжгүй байдалд аж төрж байгааг би тоохгүй орхиж чадахгүй. Зарим түвшинд төр ажиллахгүй байна” гэж тэр сонгуулийн өмнө мэдэгдэж байжээ. Бие даасан нэр дэвшигчийн журмаар сонгуульд өрсөлдсөн Павел Украины тал дээр, тус улсад бүх талаар дэмжлэг үзүүлэх, мөн Чех улсын Европын Холбоо, НАТО-той бат бэх харилцаа холбоог хадгалах амлалт өгч байсан байна. Чехэд энэ сарын 13-14-нд явагдсан эхний шатны сонгуульд Павел болон Бабиш нарын аль нь 50 хувийн босгыг давсан санал авч чадаагүй юм.

Чех улсад Ерөнхийлөгчийн албан тушаал нэлээд бэлгэ тэмдгийн шинжтэй. Засгийн газар, Төв банкны захирал, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг соёрхож батлахын сацуу, зэвсэгт хүчний дээд командлагчийн албыг хашдаг байна. Чехийн одоогийн ерөнхийлөгч, өдгөө 78 настай Милош Земаны бүрэн эрхийн хугацаа ирэх 3-р сард дуусах юм. Тэрээр 2013 оноос хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашсан тул улиран сонгогдох боломжгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЧУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Петр Павел ялалт байгуулав   
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй