Шууд Chart

БНТУ болон Сирид эрэн хайх, аврах ажиллагаа эрчимтэй явагдаж байна

2023-02-08 10:01:49

Даваа гарагийн өглөө үүрээр 4 цагийн орчим буюу ихэнх хүмүүсийг унтаж байх цагаар БНТУ-ын зүүн өмнөд бүсийн 10 аймаг болон Сирийн нутгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган байшин барилга нуран унаж, маш олон хүмүүс нурангид дарагдсан харуусмаар мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. БНТУ-д амь эрсэдсэн хүний тоо 3500-д хүрсэн гэж мэдээллэж байгаа бол Сирид 1600 гаруй байна гэж Би-БИ-Си агентлаг мэдээлж байна. Харин гэмтэж бэртсэн хүний тоо 2 улсад нийт 20500 орчим байна гэж мэдээллээ.

Цаашид энэ тоо өсөх хандлагатай гэж бүхий л эх сурвалжууд хэлж байгаагаас гадна өнөө өглөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоо 8 дахин үржигдэх магадлалтай байна хэмээн анхааруулжээ. Гамшгийн мэдээлэл ар араасаа ирж байгаа энэ цаг үед олон улсын нийгэмлэгүүд тус улсуудад яаралтай тусламж үзүүлэхээ нэн даруй илэрхийлж одоогийн байдлаар 65 орны 3000 орчим аврах баг бүрэлдэхүүн гамшгийн бүсэд эрэн хайх ажиллагаанд гар бие оролцож байгаагаас гадна хэрэгцээт эм эмнэлгийн бүтээгдэхүүн, мөнгөн тусламж зэргийг олон улс амлаад байна. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Байден өнөө өглөө БНТУ-ын ерөнхийлөгчтэй холбогдож бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, 2 аврах баг илгээсэн. БНХАУ 400 сая юанийн үнийн дүнтэй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Юун Сук Гёл аврах болон яаралтай тусламж үзүүлэх баг илгээж, хэрэгцээт эм эмнэлгийн бүтээгдэхүүн болон 5 сая ам доллар илгээхээ мэдэгдлээ. Харин Австрали улс 10 сая Австрали долларын тусламж үзүүлж байгаа бол Япон, БНХАУ гээд олон улсууд бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Мөн Иран Иракийн тусламжийн онгоцууд 70 тонн хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламжийн багаж зэргийг ачин Сирийн Дамаскус олон улсын нисэх буудалд газардсан байна. Тусламжийн болон аврах нислэгүүдэд зориулан агаарын зам гаргаж, одоогоор 146 нислэг үйлдвэрлэсэн гэх мэдээллийг өгч байна. Тус бүс нутагт цаг агаар сэрүүсэж, цас бороотой байгаа нь аврах хайх ажиллагаанд нөлөөлж байгааг эрлийн багийнхан онцолж байна.

Нурангийн дороос хүмүүс тусламж гуйх нь сонсогдсоор байгаа тул Аврах ажиллагааг цаг хугацаатай уралдан явуулах нь хамгаас чухал гэдгийг яаралтай тусламжийн багийнхан хэлсэн байна. Одоогийн байдлаар Туркийн дотоодын 13700 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байгаа гэж мэдээллээ. Аварсан хүний тоо 8000 орчим байгаа бол нурж сүйдсэн байшин барилга 6200 гаруй гэж тооцоолоод байна хэмээн Войс оф Америка уламжилсан байна. Иргэдийг байрлуулахаар 41 мянга гаруй халаагчтай гэр бүлийн асар босгож нүүлгэж шилжүүлсэн болон аварсан хүмүүсийг байрлуулж, тэдэнд 300 мянга гаруй дулаан хөнжил нийлүүлээд байна гэж мөн тус улсын Гамшиг, онцгой байдлын асуудал эрхэлсэн газраас мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ болон Сирид эрэн хайх, аврах ажиллагаа эрчимтэй явагдаж байна  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй