Шууд Chart

БНАСАУ цэргийн чадавхаа нэмэгдүүлнэ

2023-02-08 10:26:20

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргийн сургуулилалтаа өргөжүүлж, дайны бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг армидаа тушаасан байна. Солонгосын хойгт Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт хийж байгаатай холбоотой байдал хурцадмал байгаа цаг үед Пхеньян ийнхүү хариу арга хэмжээ авч байна хэмээн олон улсын тоймчид дүгнэж байна. Умардын удирдагч Ким өнгөрсөн даваа гарагт эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлийн хурлыг даргалж, зэвсэгт хүчинд "хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэхийн тулд "үргэлж ялагч эр зориг" гаргаж "ялагдашгүй цэргийн хүч" үзүүлэхийг уриаллаа хэмээн Солонгосын төв мэдээллийн агентлаг мягмар гарагт мэдээлжээ.

Энэ үеэр тус комиссын гишүүд цэргийн салбарт “ихээхэн өөрчлөлт”-ийг авч ирэхэд чиглэсэн “үйл ажиллагаа, байлдааны сургуулилалтыг байнга өргөжүүлж, эрчимжүүлэх”, “дайны бэлэн байдлыг улам бүр нэмэгдүүлэх” зэрэг хэд хэдэн ажлыг хэлэлцсэн гэж тус агентлаг дурдсан байна . Энэхүү Уулзалт нь Умард Солонгос лхагва гарагт Солонгосын Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэхийн тулд нийслэл Пхеньян хотод өргөн хэмжээний цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн болсон юм. Ким энэ арга хэмжээгээр АНУ болон түүний Ази дахь холбоотнуудын болгоомжилж буй цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийнхөө сүүлийн үеийн техник хэрэгслийг харуулах зорилго агуулж байж болзошгүй юм хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн Японы Эн-Эйч-кэй мэдээндээ Умард ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж буй АНУ, Япон, Өмнөд Солонгосыг сөрөг зорилготой байх магадлалтай гэж дурдсан байна. Мөн Уулзалтын дүрс бичлэгт удирдагч Кимийн хажууд "Хвасон-17" тив алгасах баллистик пуужингийн зураг байрлуулж "пуужингийн ерөнхий товчоо" гэсэн бичигтэй туг байрлуулсан байгаа нь харагджээ. Энэ нь цэргийн шинэ анги нэгж бий болсныг илтгэж байж болзошгүй байна хэмээн мөн мэдээлэлд уламжилсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ цэргийн чадавхаа нэмэгдүүлнэ  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй