Шууд Chart

Казахстанд Мажилис буюу парламентын доод танхимын сонгуулийн санал хураалт болж байна

2023-03-19 21:46:47

Казахстанд өнөөдөр Мажилис буюу парламентын доод танхимыг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж байна. Орон нутгийн цагаар 16 цагт сонгогчдын ирц дунджаар 51,98 хувьтай байгааг тус улсын Сонгуулийн Төв Комиссоос мэдээллээ. Туркестан мужид хамгийн өндөр буюу 80,9 хувийн ирцтэй байгаа бол, Алмата хотод энэ үзүүлэлт хамгийн доогуур буюу 26,2 хувьтай байна. Өглөө 07 цагт эхэлсэн санал хураалт 20 цагт дуусч, санал тооллого эхэлнэ. Мажилис болон Маслихат буюу бүс нутгуудын ИХТ-ийг сонгох сонгууль зэрэг явагдаж байгаатай холбоотойгоор сонгогчид 4-5 саналын хуудас бөглөх шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор санал тоолох үйл явц ердийнхөөс илүү цаг авахыг албаныхан хэлж байна.

Ерөнхийлөгч Токаевын 2019 оноос эхлүүлж, өнгөрсөн оны 3-р сараас буюу 2022 оны 1-р сарын бослого үймээний дараагаас улам эрчимжүүлсэн нийгэм улстөрийн өргөн шинэчлэлийн хүрээнд Мажилис болон Маслихатын сонгууль болж байна. Шинэчлэгдсэн Үндсэн хуулийн дагуу, шинэ журмаар явагдаж байгаа сонгууль иргэд сонгогчид төдийгүй улстөрийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

2004 оноос хойш анх удаа холимог тогтолцоогоор явагдаж байгаа энэ удаагийн Мажилисын сонгуульд 7 намын жагсаалтаар 283 нэр дэвшигч, нэг мандаттай тойрогт 609 нэр дэвшигч өрсөлдөж байгааг тус улсын Сонгуулийн Төв комисс бямба гарагт мэдээлсэн юм. Энэ удаагийн сонгуулиар улстөрийн намуудын Мажилист орох босго 7% байсныг 5 болгож бууруулснаас гадна нам бус буюу бие даагч нэр дэвшигчдийн төлөөлөл парламентад орох боломж нээгдсэн юм. Эмэгтэйчүүд, залуучууд, тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл 30 хувьд байхаар баталгаажуулж өгсөн гэхчлэн онцлогтой.

Тиймээс ч Казахстаны улстөрийн хүрээнд төдийгүй иргэд сонгогчдын дунд өндөр итгэл найдвар тавьж байна.

Энэ удаагийн сонгууль улс орны цаашдын шинэчлэл, хөгжил дэвшлийг тодорхойлох ач холбогдолтой гэдгээрээ бүс нутаг, олон улсын хүрээнд багагүй анхаарал татаж байна. Сонгуульд олон улсын 800-гаад ажиглагч ажиллаж байгаа бол, гадаадын 250-иад сэтгүүлчид мэдээ мэдээлэл дамжуулж байна. Казахстанаас гадна гадаадын 62 улсад санал авах байрууд ажиллаж байгаа юм байна.  


Казахстанд Мажилис буюу парламентын доод танхимын сонгуулийн санал хураалт болж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй