Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2023-03-20 13:06:20

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхлэх гэж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Москва хийх төрийн айлчлал гурав хоног үргэлжлэх юм байна. Энэ нь өнгөрсөн оны 2-р сард Украинд дайн эхэлснээс хойш Хятадын даргын ОХУ-д хийж байгаа анхны айлчлал болж байна. Айлчлалын хүрээнд Орос, Хятадын харилцаа иж бүрэн түншлэлийн харилцаа, шинэ эринд шилжиж байгаа стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурна гэсэн урьдчилсан товтой байгаа юм байна.

Хоёр орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт маргааш болно. Өнгөрсөн оны 9-р сараас хойш Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй анх удаа нүүр тулсан уулзалт хийх гэж байна. Бээжин Москватай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаагийн зэрэгцээ Хятад улс Украины хямралын асуудлаар бодитой, шударга байр суурь баримталж, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж Хятадын гадаад харилцааны яамнаас баасан гарагт мэдэгдсэн байна. Хятад улс өнгөрсөн сард Орос, Украин хоёрыг яриа хэлэлцээ эхлүүлж, гал зогсоох иж бүрэн тохиролцоонд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийг бүх улс орнуудад хандаж уриалсан “энхийн төлөвлөгөө” танилцуулсан юм.

Харин АНУ тэргүүтэй улс орнууд Хятад улсыг ОХУ-д байлдааны зэвсэг нийлүүлж магадгүй гэж болгоомжилж байна. Саяхан Хятадын дарга Ши Жиньпин БНХАУ-ын дарга бөгөөд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Хятадын дарга өөрийн улс төрийн байр суурийг бэхжүүлж, Украины дайныг зогсоох улс төрийн шийдэл эрэлхийлсэн 1 зүйлт энхийн төлөвлөгөөг олон улсад танилцуулсныхаа дараа стратегийн түнш ОХУ-д төрийн айлчлал хийхээр явж байна. Түүний айлчлалтай зэрэгцээд Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгчийг дайны гэмт хэрэгт буруутган, баривчлах зөвшөөрөл гаргасан нь Ши Жиньпиний айлчлалыг угтсан Өрнөдийн нүүдэл гэж олон улсын шинжээчид тэмдэглэж байна. Одоо олон улсын хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин Украины дайны талаар ОХУ-ын ерөнхийлөгчид ямар байр суурь илэрхийлэх бол гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй