Шууд Chart

Амиржаны Каривай: Наурызын баярыг архигүй тэмдэглэдэг

2023-03-22 09:47:49

Манай сайтын сурвалжлах хэсэг энэ удаа Амиржаны Каривайгийн гэр бүлийг урьж, тэднийд зочилсон юм. Учир нь өнөөдөр Казах түмний Наурызын баяр болж буй тул тэднийхийг ийнхүү онцолсон билээ.

Биднийг очиход гэрийн эзэн үүдээ тайлж, их л зочломтгойгоор гэрийнхээ хоймор зүг суухыг хэлж, гараараа заав. Энэ үед Казах түмнийг зочломтгой зантай гэж дуулж байсан минь санаанд орох нь тэр.

Гол баяр нь болж байгаа болохоор тэднийх ширээн дээрээ олон янзын идээ засчээ. Казыг нь эс тооцвол яг л манайхны цагаан сар шиг.

Биднийг сандал дээр суух үед гэрийн эзэгтэй “Та нар хоол цай ууж, идсэнийхээ дараа ярилцлагаа эхлүүлнэ биз дээ” хэмээх ам асуух зуур том охин нь цай барин ирлээ.

Цаг орой болох гэж байгаа тул бид ажлаа эртхэн амжуулах шаардлагатай хэмээн учирлаж, камер болон дуу хураагуураа ажиллуулж эхлэв.

Амиржаны Каривай гуай Баян-Өлгий аймгийн дунд сургуулийг 1967 онд төгссөн жилээ алс газар эрдэм сурхаар хуучнаар ОХУ, одоогийнхоор Укрианы Харьков хотын их сургуулийн цөмийн технологийн ангийг төгсчээ. Улмаар Улаанбаатарт сууришсанаас хойш энд ажиллаж, амьдарч байгаа юм байна.

Тэрбээр “Би ч хотын хүн болоод бараг хагас зуун жил болж дээ. Анх гелогийн төв лаборатори, Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх цөмийн энергийн газар, “Мон-Атом” компанид ажиллаж байв. Гэвч бүтцийн өөрчлөлт орж, Боловсролын яамны суурь судалгааны төслийн удирдагч хийдэг болсон” гэв. Мөн физикийн шинжлэх ухааны доктор аж.

Харин түүний эхнэрийг Абденбай Бакитжан гэх бөгөөд клиникийн профессор, хүний их эмч мэргэжилтэй аж.

Бага охин Асылжан нь Турк Улсын Нийслэл Истанбул хотын их сургуулийн олон улсын харилцааны ангийг төгсч, ХУД-ийн Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаа бол хүргэн нь Алибек бизнесмен гэсэн.  Тэдний дөрвөн настай, сахиллаггүй нь дэндсэн том хүүг Нурали, хорвоо дэлхийд дуугаа таниулаад хэдхэн хонож байгаа бага хүүг нь Амире гэдэг аж.

Харин том охин Маржангүл англи хэлний мэргэжилтэй, хувийн компанид ажиллаж байна.

Амиржаны Каривайгийнх нэг хүүтэй бөгөөд түүнийг Мөнхзул гэдэг юм байна. Тусдаа гарсан болохоор биднийг очиход аавындаа ирээгүй байсан юм.

Бидний ярианы гол сэдэв Наурызын баярын тухай юм. Иймд энэ тухай яриа өдхөд гэрийн эзэн “Манай Казах ард түмэн олон жилийн турш энэ баярыг тэмдэглэж байна. Гэхдээ 1930-аад онд буюу хэлмэгдүүлэлтийн үед хориотой байсан. Би хүүхэд байхдаа ч тийм цаг үетэй тулгарч байлаа. Арга ядахдаа наурыз көже буюу хамгийн хүндтэй шөлөө айлуудаар хэсч, нууцаар уудаг байлаа. Харин 1990 онд ардчилал гарах үед нээлттэй болсонд баяртай байдаг. Мөн төр засаг маань ч энэ баярт маш их анхаарал тавьж буйд талархаж явдаг. Миний хувьд 1989 онд анх удаа Казахын өдөрлөгийг зохион байгуулсан цагаас хойш энэ жилийн Соёлын төв өргөөнд болсон арга хэмжээг хүртэл ерөнхий найруулагчаар ажилласан” гэв.

Энэ үед суурин газарт байгаа Казахууд Наурызын баярыг хэр их тэмдэглэдэг вэ гэхэд “Жил ирэх тусам улам өргөн дэлгэр болж байна. Хоёр хоногийн өмнө бүр дүүрэг дүүргээрээ тэмдэглэж байна” гэсэн юм.

Түүнийг хамгийн сүүлд нутагтаа хэзээ очсоныг лавлахад “Долоон жилийн өмнөх Наурызын баяраар очиход нэгдсэн парад зохион байгуулагдсан. Тэр парад 1990 оноос хойш бий болсон гэсэн. Гэхдээ зөвхөн Казах үндэстэн биш. Баян-Өлгий аймагт байгаа урианхай, торгууд, тува гэх мэт үндэстэн өөр өөрсдийнхөө үндэсний хувцасыг өмсөж оролцдог юм билээ. Казахууд морио унаад, бүргэдээ гар дээрээ суулгаад төв талбайдаа очиход хотын дарга нь үг хэлж нээдэг юм билээ” гэлээ.

Наурызын баяр эхлэхэд өрхийн тэргүүн мөргөл үйлдэж, хөх тэнгэрт гэр бүлийнхнийгээ даатгаж залбирдаг аж. Гэхдээ дээхнэ хамгийн түрүүнд мод тарьдаг байсан гэнэ. Учир нь хүн бол мөнх биш, мод түүнээс илүү наслах боломжтой гэж үздэг байжээ. Гэхдээ одоо ч нутгийнхан нь энэ зан үйлийг хийдэг гэв.

Наурызын баярын гол зүйл бол көже уух. Үүнийг 40 айлаар орж уух заншилтай гэнэ.

Наурызын баярыг архигүй тэмдэглэдэг. Гэрийн эзэн ярихдаа “Түүхээс авч үзхэд дээхнэ манай нутагт архи байгаагүй юм билээ. 1950-иад оноос л архи гэдэг идээ орж эхэлсэн гэж түүхчид бичсэн байдаг. Гэхдээ зөвхөн энэ баяр ч гэлтгүй хурим найранд ч архи хэрэглэдэггүй. Саяхан Шангри-Ла зочид буудлын ресторанд хүлээн авалт болоход мөн л архигүй болсон” хэмээн бахархангуй ярьж байсан юм.

Казах ард түмнийг домбор хөгжим, бүргэд хоёргүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр домбор хөгжим тоглохдоо тун гаргууд юм билээ. Охиноо гадаадад сурч байхад “Сангалзал” гэсэн нэртэй күй зохиосон хэмээн бидэнд тоглож үзүүлэв. Бүргэдийн баярын тухай мөн ярихад “Хотод болсон энэ жилийн баярт 20 мянга орчим буюу хамгийн олон хүн оролцсон гэж дуулсан. Миний удамд бүргэдчин хүн гэвэл 14 настай Н.Айшолпан охин байна. Аав нь манай удмын хүн. Манай үндэстнүүд есөн үе дотрохоо нэг удмынх гэж явдаг. Энэ охин одоо дэлхий дахинаа Казах үндэстнээ сурталчилаад амжилттай явна.

Манайхан ургийн бичиг хөтөлдөг ч түүнийгээ харж ярьдаггүй. Цээжээрээ мэднэ. Гэхдээ миний омгийн тухай бичсэн 300-аад хуудас ном бий. Миний аавыг Амиржаны, аавын аавыг Хойкелди, түүний эцгийг Батекен баатар гэж 1800-аад оны үед Казахын ард түмэнд их том гавьяа байгуулсан хүн байсан юм билээ. Түүний ээж нь буюу бидний эмээ 115 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Үүгээрээ одоогоор Монгол Улсад хамгийн өндөр насласан хүнээр бичигддэг. Мэнд байхад нь Маршал Х.Чойбалсан хүндэтгэл үзүүлж, хүүхдүүдтэй нь танилцаж байсан нь түүх болон үлдсэн байдаг. Мөн бурхан болтол нь төрөөс тэтгэмж олгож байсан гэдэг. Эхнэрийн талд ч бүргэдчин хүн байсан гэдэг. Бүргэдийн баяр жилд хоёр болдог. Нэг нь аравдугаар сард Баян-Өлгийд болдог бол Наурызын баярыг тохиолдуулан хавар хотод болдог” гэв.

Абденбай Бакитжан аавынхаа эмч мэргэжлийг өвлөсөн хэмээн ихэд бахархангуй ярьж байлаа. Тэрбээр буурлынхаа хөргийг хоймортоо залжээ.

Баярын идээний хамгийн гол зүйл нь көже буюу шөл. Дараа нь хонины толгой, казы, курт, ааруул, жент, ээзгий, хурмаа буюу хасарваан жимс, гэрийн боорцог. Эднийг гэрийн эзэгтэй охидтойгоо бэлтгэсэн бол идээ шүүсээ гэрийн эзэн чанжээ. Харин шокладтай бялууг том охин нь хийсэн гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Амиржаны Каривай: Наурызын баярыг архигүй тэмдэглэдэг  
Үзсэн: 2631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй