Шууд Chart

БНХАУ-ын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч нар Москва дахь хэлэлцээгээ “шинэ үе”-ийн эхлэл гэв

2023-03-22 13:02:29

Хятадын дарга Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар Москвад уулзалт хийлээ. Хоёр удирдагч энэ үеэр өөрсдийн харилцааг “хил хязгааргүй” гэж ахин тодорхойлжээ. Тэд хоорондын харилцааны голлох асуудлуудыг хэлэлцсэний сацуу 2030 он хүртэлх харилцаа, хамтын ажиллагааны түүхэн түвшинг тодорхойлох баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэчлэн Хятадын даргын Москвад хийж байгаа төрийн айлчлалын үндсэн хэсэг өчигдөр гол өрнөсөн байна. Путин Ши Жиньпинийг гурван өдрийн айлчлалынх нь хоёр дахь өдөр буюу өчигдөр Кремлийн их ордонд хүлээн авч уулзсан байна. Энэ үеэрээ тэд Өрнөдтэй тэнцвэрийг хангах нийтлэг зорилтоо хэлэлцсэний дээр хоорондын харилцаанд нь “шинэ үе”-ийн эхлэл тавигдаж байгааг сайшаан тэмдэглэжээ. Гэхдээ ийнхүү батжин бэхэжсэн харилцаа нь “цэрэг улстөрийн холбоо” биш, харин эдийн засгийн харилцаанд тулгуурласан гэдгийг хоёр удирдагч санал нэгтэй онцолсон байна.

Оросын тал хятадын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад бэлэн гэдгийг Путин мэдэгджээ. Мөн Оросыг Украинд халдан довтолсны дараагаас Оросыг орхисон барууны компаниудыг орлох сонирхолтой Хятадын бизнесийг дэмжихээ амлаж байжээ. Хятадын албаныхан энэ айлчлалыг “энхийн айлчлал” хэмээн нэрлэж байна. Ши Жиньпин уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, “Бид хэзээд энх тайван, яриа хэлэлцээний талд байдаг. Түүхийн зөв талд бид хатуу зогсох болно” хэмээн мэдэгджээ. Ши хэлэлцээний үеэр хямралыг шатлан өргөжихөөс сэргийлж, эцсийн дүндээ гал зогсооход чиглэсэн төлөвлөгөө дэвшүүлснийг Путин дэмжсэн байна. “Хятадын энхийн төлөвлөгөөний олон заалт оросын байр суурьтай давхцаж, энхийн зохицуулалтын үндэс болох боломжтой гэж бид үзэж байна” гэж Путин мэдэгджээ.

Харин Украины удирдагчид болон тэдний холбоотнууд дайныг зогсоохын төлөө бэлэн байдал онц харуулахгүй байна, мөн Өрнөд Оросын эсрэг “сүүлийн Украин хүнийг” эцэс болтол дайтах бодолтой байгаа гэж тэрээр дурдсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс Хятадын энхийн төлөвлөгөөг шүүмжилсэн байр суурь илэрхийллээ. Хятад улс энэ хямралд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол, Оросыг Украинаас, Украины мэдлийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шахаж шаардах ёстой” гэж Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч нар Москва дахь хэлэлцээгээ “шинэ үе”-ийн эхлэл гэв   
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй