Шууд Chart

ХБНГУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн боллоо

2023-03-23 16:20:04

Берлин хотод иргэд Тээврийн яамныхаа байр суурийг шүүмжлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ. Европын холбоо 2035 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг худалдаалахгүй байх төлөвлөгөө танилцуулсан ч Герман улсын тээврийн яам үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин энэ байр суурийг иргэд эсэргүүцсэн байна.

ЕХ-ны хууль тогтоогчид болон гишүүн орнууд өнгөрсөн жил урьдчилсан тохиролцоонд хүрч, автомашин үйлдвэрлэгчдийг 2030 онд шинэ автомашины утааг 2021 оны түвшинтэй харьцуулахад 55%-иар, 2035 он гэхэд 100 хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэн. Харин ХБНГУ-ын Тээврийн сайд Фолькер Виссинг Европын Холбооноос 2035 оноос шаталтат хөдөлгүүртэй шинэ автомашин худалдахыг хориглох дээрх төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.

Тус Холбоо хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хүчин чармайлтын нэг хэсэг болох энэхүү төлөвлөгөөний дагуу бол газрын тос зэрэг нүүрс ус-төрөгчид суурилсан түлшээр ажилладаг шинээр үйлдвэрлэсэн автомашинуудыг худалдаалахыг хориглоно гэсэн үг юм байна. Харин Герман зэрэг зарим улс орнууд нүүрс төрөгчийг сэргээгдэх эрчим хүч, агаараас гаргаж авах боломжтой тул нийлэг түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслүүдийг энэ хоригоос чөлөөлөхийг хүссэн байна.

Энэ төрлийн түлшийг мөн и-түлш гэж нэрлээд, агаар мандалд хортой бодис тархаахгүй онцлогтой гэж мэдэгджээ. Түүнчлэн Виссинг хэлэхдээ, 2035 оноос өмнө худалдаалсан суудлын автомашин, хүнд даацын машин, усан онгоц, нисэх онгоцны хэрэгцээг хангахын тулд нийлэг түлшийг аль болох хурдан их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай байна гэжээ. Харин зарим иргэд түүний энэ байр суурь байгаль дэлхийд ээлтэй бус хэмээн үзэж Берлин хотын Бранденбургийн хаалганы хажууд нэгэн автомашиныг доош харуулан байрлуулж, Герман улс Европын холбооны төлөвлөгөөг дагах учиртай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн боллоо   
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй