Шууд Chart

Израилд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжлээ

2023-03-27 12:39:11

Израилд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шүүхийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцсэн гэж Батлан хамгаалахын сайдаа гэнэт огцруулсны улмаас Даваа гарагийн үүрээр олон арван мянган израильчууд улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан зохион байгууллаа.

Тель-Авив дахь жагсагчид гол хурдны замуудыг хааж, томоохон хэмжээний гал түймэр гарч цагдаа хүчнийхэн Иерусалим дахь Нетаньяхугийн хувийн байшингийн гадаа цугларсан эсэргүүцэгчидтэй мөргөлдөөн үүсгэжээ.

Энэхүү эмх замбараагүй байдал нь Нетаньяхугийн шүүх засаглалыг шинэчлэх төлөвлөгөөний улмаас хэдэн сарын турш үргэлжилсэн хямралыг улам гүнзгийрүүлж,  олон нийтийн эсэргүүцлийг өдөөж, аюулгүй албаныханыг нэлээд сандаргаад зогсохгүй  АНУ болон бусад ойрын холбоотнуудын анхаарлыг татаад байна гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Нетаньяху Батлан хамгаалахын сайд Ёав Галлантыг огцруулсан нь Ерөнхий сайд болон түүний холбоотнууд шинэчлэлийн төлөвлөгөөг  энэ долоо хоногт хэлэлцэх дохио болов уу гэж мөн мэдээлжээ. Галлант нь эрх баригч Ликуд намын анхны ахмад гишүүн бөгөөд төлөвлөгөөний эсрэг байр сууриа илэрхийлж, энэ хуваагдал нь цэргийн хүчийг сулруулахад нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ням гарагийн оройноос эхлэн жагсагчид гудамж талбайг дүүргэн цуглаж байх үед Ликудын сайд нар энэ ажлыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна. Мөн Нетаньяхугийн итгэлт хүн гэгддэг Соёлын сайд Мики Зохар хэрвээ шүүхийн шинэчлэлийг түр зогсоох шийдвэр гаргавал нам нь түүнийг дэмжинэ гэж мэдэгджээ. Гэвч Нетаньяхугийн ажлын алба Товч мэдэгдэлдээ Ням гарагийн орой Галлантыг огцруулсан гэж мэдэгдсэн байна. Мөн үүний Дараа Нетаньяху твиттер хуудсандаа "Бид бүгд хойшлуулахын эсрэг хатуу зогсох ёстой" гэж бичжээ. Жагсагчид энэ шүүхийн шинэчлэлийн төлөвлөөгөөг эсэргүүцэхийн хажуугаар засгийн газрын тэргүүнийг мөн эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжлээ  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй