Шууд Chart

Мьянмар дахь цэргийн дэглэмийнхэн сөрөг хүчний намуудыг татан буулгажээ

2023-03-30 10:54:11

Мьянмарын засгийн эрхээс түлхэн унагагдсан удирдагч Аун Сан Су Чи-гийн тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний Лиг” нам өнөөдрөөс /2023.03.29/ татан буугдаж байгааг цэргийн хунт дэглэмийн эрх баригчид мэдэгдсэн байна. Өнгөрөгч 1-р сард энэ улсад батлагдсан улс төрийн намуудын тухай шинэ хуулинд заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй 40 нам ийнхүү татан буугдаж байгааг Мьянмарын цэргийн дэглэмийн мэдэл дэх Сонгуулийн хорооноос өнөөдөр зарласан байна.

Шинэ хуулиар, дараагийн парламентын сонгуульд оролцох намуудын бүртгэл энэ мягмар гарагаар дуусгавар болсон байна. Энэ хугацаанд нийт 63 нам бүртгүүлсэн бол, 40 нам бүртгэлд орж чадаагүйн нэг нь Ану Сан Чу Чи-ийн тэргүүлж байсан “Үндэсний Лиг нам” байна. Мьянмарын цэргийн дэглэмийнхэн шинэ хуулиндаа, улс төрийн намуудыг 500-аас доошгүй тойрогт нэр дэвшигчид дэвшүүлэх заалт тусгаж өгчээ. Гэтэл намын гол удирдагч Аун Сан Су Чи шоронд хоригдож, өөр бусад удирдагч нь баривчлагдаж эсвэл хил давж зугтсан учраас “Үндэсний Лиг” намын хувьд энэ шаардлага биелүүлж хүчрэхээргүй нөхцөл болсон байна. Үүний зэрэгцээ 2021 оны 2-р сард төрийн эргэлт хийснийхээ дараа цэргийн дэглэмийнхний амлаж байсан сонгуулийн тов одоо хэр тодорхой болоогүй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Чи-гийн тэргүүлдэг “Үндэсний Лиг” нам илт давуу ялалт байгуулсан 2020 оны бүх нийтийн сонгуулийн үеэр олон тооны зөрчил будилаан гарсан гэдэг үндэслэлээр цэргийнхэн төрийн эргэлт хийсэн. Улмаар улс орны байдал тогтворжсоны дараа буюу онц байдлын дэглэм дууссаны дараа шударга сонгууль явуулна гэж мэдэгддэг. Харин ийм онц байдлын дэглэмийг өнгөрөгч 2-р сард ахин сунгасан шийдвэр баталжээ. Мьянмарын цэргийн дэглэмийг тэргүүлэгч Мин Аунг Хлаинг саяны даваа гарагт болсон цэргийн томоохон парад дээр, сонгуулийг зөвхөн тогтвортой нөхцөлд явуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ чөлөөт хэвлэл мэдээлэл хаалттай, сөрөг хүчний намын бүх гол удирдагчид баривчлагдсан, цэргийнхэн засгийн эрх барьж байгаа нөхцөлд өнөө хэр тов зарлагдаагүй сонгууль шударга, чөлөөт болох ямар ч үндэслэл байхгүй байгааг одоогийн дэглэмийг шүүмжлэгчид хэлж байна. Мьянмарт цэргийн эргэлтээс хойших 2 жилд эмх замбараагүй байдал газар авч, хэдэн арван мянган хүн амь эрсдэн, нэг сая гаруй хүн дүрвэжээ. Цэргийн хаалттай дэглэм ноёлж, олон улсын хориг шахалтууд үргэлжилж байгаагаас эдийн засаг нь туйлдаж сөхөрсөн Мьянмарын иргэдийн нэг хэсэг нь ямар ч үнээр хамаагүй хэвийн аж амьдралаа сэргээх хүсэл мөрөөдөл тээж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмар дахь цэргийн дэглэмийнхэн сөрөг хүчний намуудыг татан буулгажээ   
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй