
Энэ сарын 29-нд Төв Америкийн орнууд руу айлчлалд мордсон Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнийг америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзах нөхцөлд Хятадын зүгээс “шийдвэртэй хариу барих болно” гэж анхаарууллаа. Гватемал, Белизийн арлуудад айлчлах замаараа Тайванийн ерөнхийлөгч АНУ-ын Нью-Йорк хотод, харин буцах замдаа Калифорнид түр саатахтай холбоотойгоор Бээжин ийм сэрэмжлүүлэг өгч байна.
Хятадын Тайванийн асуудал хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь өнөөдөр Бээжинд сэтгүүлчидтэй уулзахдаа, Цай Инвэнийг АНУ-аар дамжин өнгөрөх зуураа аль нэг нисэх буудал юмуу зочид буудалд тухлахгүй, америкийн албаны хүмүүс, хууль тогтоогчидтой уулзаж магадгүй талаар мэдээлсэн юм байна. Мөн Тайваний удирдагч америкийн ТТ-ийн даргатай холбоо барьсан бол, энэ нь “Нэг Хятад зарчмыг, мөн Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг” ноцтойгоор зөрчиж, Тайваний булангийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах өөр нэг өдөөн хатгалга болно” гэдгийг төр төлөөлөгч мөн дурьджээ. Улмаар Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, эрс шийдвэртэй хариу арга хэмжээ авах болно” гэдгийг энэ төлөөлөгчийн мэдэгдэлд анхааруулжээ.
Тайванийн ерөнхийлөгч 10 өдрийн энэхүү айлчлалынхаа төгсгөлд Калифорниор дайрч, Төлөөлөгчдийн танхимын дарга Маккарти-тай уулзаж магадгүй гэдэг мэдээлэл байгаа ч энэ нь албан ёсоор хараахан батлагдаагүй гэдгийг Аль-Жазира дурныхан байна. Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятад улсын зүгээс америкийн өндөр дээд албаныхныг Цай Инвэньтэй уулзалт хийхгүй байхыг удаа дараа анхааруулж, үгүй бол тус арлын тусгаар улс болох эрмэлзлийг дэмжиж байгаад тооцох болно гэдгээ мэдэгддэг.
Өнгөрсөн оны 8-р сард тухайн үед Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайпейд айлчилсан хэрэг явдлаас үүдэж Бээжин Тайвань арлын эргэн тойронд өргөн хүрээтэй эрчимжүүлсэн цэргийн сургуулилалт явуулж байсан. Ерөнхийлөгч нь хилийн чанадыг зорьсон энэ үед мөн Хятадын зүгээс авч болзошгүй аливаа үйлдэлд анхааралтай хандах болно гэдгээ Тайванийн зэвсэгт хүчин мөн мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс Тайванийн ерөнхийлөгч нар Латин Америк, Карибын орнууд эсвэл Номхон далайн арлууд дахь дипломат түнш орнууд руу айлчлахдаа АНУ-аар дамжиж нислэг үйлдэх нь ердийн үзэгдэл гэдгийг тэмдэглэж, Хятад улс Цай ерөнхийлөгчийн аяллыг Тайванийн эсрэг аливаа түрэмгий үйлдэл хийх шалтаг болгон ашиглах ёсгүй гэж мэдэгджээ.
БНХАУ АНУ-ын төлөөлөгчдийн танхимын даргыг Тайванийн ерөнхийлөгчтэй уулзвал “шийдвэртэй хариу барина” | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.