Шууд Chart

АНУ ОХУ-тай цөмийн зэвсгийн мэдээлэл солилцоог зогсоохоор болсноо зарлав

2023-03-30 11:57:56

АНУ ОХУ-ын талтай цөмийн зэвсгийн талаарх мэдээлэл солилцоог зогсоож байгаагаа зарлалаа. Вашингтон энэ шийдвэрээ, хоёр улсын цөмийн зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээний үйлчлэлийг Москвагийн талаас дангаар зогсоосноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Мөн ОХУ-ыг байр сууриа өөрчлөх хүртэл Вашингтон өөрт хамаарах мэдээллийг Москвад гаргаж өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны өндөр тушаалын төлөөлөгч Жон Кирби өчигдөр энэ тухай мэдээлжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч 2-р сарын 21-нд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах 3 дахь гэрээ буюу СНВ-3 гэрээний үйлчлэлийг дангаараа түр зогсоож байгаагаа зарласан.

Үүнийхээ шалтгааныг Путин Их Британи, Франц зэрэг НАТО-гийн орнуудын цөмийн нөөцийг хэрхэн харгалзах нь тодорхойгүй байдал хэмээн нэрлэж байсан байна. Мөн гэрээний үйлчлэлийг Москва дангаар түр зогсоож байгаа нь гэрээнээс бүрмөсөн гарч байгаа хэрэг биш гэдгийг тэр хэлж байжээ. АНУ-д “Шинэ Эхлэл” гэдэг нэрээр хэрэгждэг энэ гэрээ 2011 оны 2-р сард анх байгуулагдаж, 10 жилийн дараа буюу 2021 оны эхээр сунгагдсан энэ гэрээний хүчинтэй хугацаа 2026 онд дуусах заалттай. Гэрээгээр Москва,Вашингтон хоёр тус тусын зэвсэглэл дэх стратегийн цөмийн цэнэгт хошууны тоог 1550 нэгж болтол бууруулж, цөмийн бөмбөгдөгчүүд болоод пуужин харвагч төхөөрөмжийн тоог 700-800 нэгжид хязгаарлах үүрэг хүлээдэг.

Мөн гэрээний хэрэгжилтийг харилцан хянаж шалгах механизмуудаа талууд тохирсон байдаг. Энэ ч үүднээс АНУ, ОХУ хоёр өмнөх жилүүдэд тус бүрийн зэвсэглэлд байгаа цөмийн цэнэгт хошуу, тэдгээрийн байршил, хадгалалт хамгааллын нөхцөлийн талаарх мэдээллээ тогтмол солилцож иржээ. Хамгийн сүүлд 2020 оны 9-р сарын 1-нд ингэж мэдээлэл солилцох үед Орос улс 1447 стратегийн цөмийн цэнэгт хошуу зэвсэглэлд нь байгааг мэдэгдсэн байдаг байна. АНУ-ын батлан хамгаалахын сайдын улс төр, сансрын хүрээний асуудал эрхэлсэн туслах Жон Пламб өчигдөр Төлөөлөгчдийн танхимын дэд хорооны хэлэлцүүлэг дээр, СНВ-3 гэрээний дагуух хагас жилийн тутмын мэдээлэл солилцох тов энэ сарын сүүлээр болж байгаатай холбоотойгоор америкийн тал энэ сарын 27-нд Орост хандсан ч, Москва мэдээллээ өгөхгүй гэснийг дурдаж, Оросын энэ үйлдлийг “хариуцлагагүй” гэж нэрлэжээ. Төрийн департаментын төлөөлөгч Ведант Патель мөн адил мэдээлэл хийсэн байна. Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров харин өчигдөр Тасс-д энэ гэрээний асуудлаар Орос, АНУ-ын хооронд ямар ч холбоо харилцаа байхгүй байгааг дурдсан бол, Вена дэх олон улсын байгууллагуудад суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Михаил Ульянов Вашингтоныг Оросын талаарх дайсагнасан бодлогоо орхихоос нааш энэ асуудлаарх хоёр улсын яриа хэлэлцээ сэргэх нөхцөл бүрдэхгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ОХУ-тай цөмийн зэвсгийн мэдээлэл солилцоог зогсоохоор болсноо зарлав   
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй