Шууд Chart

Байгаль хамгаалах монгол уламжлал

2023-04-22 14:38:42

Нүүдэлчдийн хувьд байгаль хамгаалах эртний уламжлалтай. Сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдсанаар байгальтай зүй зохисгүй харьцаж, хор хохирол учруулах нь нэмэгджээ. 

Байгаль хамгаалах монгол уламжлалын нэгээхэн хэсэг нь цээрлэх ёсонд багтдаг билээ. Уншигч та бүхэнд байгаль хамгаалах монгол уламжлалаас цөөн хэдийг хүргэе.  

Мод ургамалтай холбоотой цээр: Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй. Нойтон модны мөчир хугалах, нялх ногоо цэцэг зулгаах, өнчин мод ба унаган мод мэтийн онцгой модыг тайрах, зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь түүх, жимс, эмийн ургамлыг мөчиртэй нь түүх, ургамал ба жимсийг боловсрохоос нь өмнө түүх, мөөгний хүрээг хоосортол нь түүх, хавар мод бут ногоорох үед огтлохыг хориглоно. Газрын чийгийг алдахгүйн тулд модыг тайрсны дараа хожуул дээр нь шороо асгана.

Ус голтой холбоотой цээр: Рашаан, булаг шанднаас ус авахдаа сайтар цэвэрлэсэн шанага, сав ашиглана. Булаг шанд гол горхины усанд цус, сүү цагаа асгах, хиртэй юм угаах, ойролцоо газар нь бие засах, усан дахь загас жараахай, усны шавжийг хөнөөхийг ихэд цээрлэнэ. Усны эхийн дээд талд саахалт айлаас дотогш гэр буулгах, усыг бохирдуулах, булингартуулах, хаврын урсгал усыг түүхий ус гэдэг учраас биеэ угаах, хөөтэй тогоогоор худаг уснаас ус авахыг хатуу цээрлэдэг.

Мал амьтантай холбоотой цээр: Амьтан цуглардаг хужир шороонд цус хүргэх, амьтан агнаад ноос, яс, өвдөл цөвдөлийг хамаагүй хаях, ангийн амьтны цусаар байгаль дэлхийг будах, ган зудад нэрвэгдэж нутаг ус эрж яваа амьтдыг агнах, зул сарын 25-нд мал нядлах, ан хийх, ичээндээ байгаа амьтныг агнах, өндгөө дарсан шувууг цочоож үргээх, өнчин ганц амьтан агнах, хөхүүл нялх зулзагатай амьтныг агнах, сүргийн магнай амьтанг агнах, амьтны үүр ичээг эвдэх, нүхэнд ус цутгах, утах, ханш нээснээс хойш үслэг амьтдыг агнахыг хатуу цээрлэдэг. 

 


Байгаль хамгаалах монгол уламжлал   
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй