Шууд Chart

Долоогийн бүлгийн орнууд үр тарианы хэлцлийг сунган хүрээг нь өргөжүүлэхийг дэмжжээ

2023-04-24 16:12:20

Долоогийн бүлгийн орнууд Украины үр тариаг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой үр тарианы хэлцлийн хугацааг сунгаж, цар хүрээг нь өргөжүүлэхийг дэмжжээ. Тус бүлгийн орнуудын ХАА-н сайд нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы Миязаки хотод хийсэн хэлэлцээнийхээ дүнд энэ тухай хамтарсан мэдэгдэл баталсан байна.

Украины усжуулалтын байгууламжууд, хүнсний аж үйлдвэр, агуулах байруудыг сэргээн босгох салбарт, мөн Украины ХАА эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлд Киевт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа сайд нар илэрхийлжээ. Үүнээс гадна Долоогийн бүлгийн орнууд ХАА-н эдэлбэр газруудыг минээс цэвэрлэх асуудалд Украины эрх баригчдад туслах бодолтой байна. Тэрчлэн хөгжиж буй орнуудын хүнс, ХАА-н салбарын тогтвортой байдлыг дээшлүүлэх чиглэлд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа тэд мэдэгдэж байжээ. Хүнс, ХАА-н салбарт тогтвортой байдлыг хангахад инновацыг түлхүү ашиглах шаардлагыг Долоогийн бүлгийн улсууд мөн чухалчилж байна. Энэ зорилгоор тэд ХАА-н тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ. Энэ хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлснээр хөгжиж байгаа орнуудаар зогсохгүй хөгжингүй орнуудын оршин суугчдад үр ашгаа өгнө гэдгийг сайд нар тэмдэглэсэн байна.

Долоогийн бүлгийн орнуудын 49 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ жил бүлгийг даргалагч Япон улсын Хирошимад ирэх 5-р сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд болох юм. Үүний наана тус бүлгийн орнуудын бүх салбар яамдын сайд нар, бизнес төлөөллийнхөн Японд ээлж дараагаар чуулж байгаа юм. Энэ бүх уулзалт зөвлөгөөнөөс батлагдсан баримт бичгүүдийг Япон улс дээд хэмжээний уулзалтад хэлэлцүүлэхээр оруулах учиртай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн орнууд үр тарианы хэлцлийг сунган хүрээг нь өргөжүүлэхийг дэмжжээ  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй