Шууд Chart

Дэлхийн улс орнууд иргэд, дипломатуудаа Суданаас нүүлгэн шилжүүлсээр байна

2023-04-25 11:25:26

Хойд Африкийн Судан улсад энэ сарын 15нд эхэлсэн төрийн эрх мэдлийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн намжих төлөвгүй байгаатай холбогдуулан нийслэл Хартум хотоос иргэд, дипломатуудаа нүүлгэн шилжүүлэх орнуудын тоо нэмэгдсээр байна. Өчигдөр АНУ, Канад, Британи улсууд Суданаас зөвхөн дипломатуудаа цэргийн онгоцоор татсан байна. Мөн Франц, Герман, Итали, Испанийн засгийн газар Хартум хотоос өөрийн дипломатууд болоод бусад улсын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Суданаас олон улсын иргэдийг гаргах ажиллагааг хэд хэдэн гарцаар явуулж байна. Суданы хөрш, стратегийн чухал байршилтай Жибути улсад цэргийн бааз нь байрладаг Америк, Франц, Итали зэрэг 10 гаруй улс шууд цэргийн онгоцоо илгээж иргэд, дипломатуудаа татаж авч байна. Харин НҮБ болон зарим орнууд Суданы хойд хил, зүүн хилээр хөрш орнууд руу дамжин гаргахын тулд аюулгүй байдлын баталгаагүй автозамыг сонгож байна.

Суданы эрх баригч үндэсний арми болоод хувийн хагас цэрэгжсэн бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн бараг 10 хоног үргэлжилж байна. Гол мөргөлдөөн болж байгаа нийслэл Хартум хот бол 6сая гаруй хүн амтай. Дэлхийн олон орны ЭСЯ байрладаг, олон орны иргэд ажиллаж амьдардаг том хот.тус хотын олон улсын нисэх онгоцны буудал олон удаагийн бөмбөгдөлтөд өртсөн, иргэний агаарын тээврийн нислэг хийх боломжгүй нөхцөлд байгаа учир олон улсын нүүлгэн шилжүүлэх ажиллагааны дийлэнх хэсгийг агаарын, автозамын болон далайн замаар явуулж байна. дэлхийн хүчирхэг орнууд л Жибути дэх цэргийн баазууддаа түшиглэж, тухайн баазын цэрэг, техникийн хүчин чадлыг энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд голлон дайчилж байна. АНУ-ын эрх баригчид цэргийн гурван нисдэг тэргээ илгээж 100 орчим дипломатаа нүүлгэжээ. Британийн засгийн газар ч Суданаас дипломатуудаа гэр бүлийнх нь хамт цэргийн онгоцоор шуурхай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулжээ. Суданд үлдсэн иргэдээ татан авах сонголт туйлын хязгаарлагдмал байна гэж Британийн гадаад хэргийн сайд мэдэгджээ. Францын иргэд болон Нидерланд зэрэг бусад улсын иргэдийг тээвэрлэсэн цэргийн онгоц өчигдөр Суданаас Жибутид газардсан байна. Өнөөдрийн байдлаар Франц улс 388 иргэнээ Суданаас гаргажээ. Германы цэргийн гурван онгоц Суданд бууснаас 101 хүн тээвэрлэсэн эхний онгоц Йорданд буусан байна. Итали, Испани улсууд мөн өөрийн орны иргэд болоод Аргентин, Колумб, Ирланд, Португал, Польш, Мексик, Венесуэл, Судан зэрэг орны иргэдийг давхар нүүлгэн шилжүүлжээ. Суданд олон иргэн нь байдаг Турк улс Вад Медан хотын өмнөд бүсээс авто замаар иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Учир нь Хартум дахь нислэгийн баазын ойролцоо бөмбөг дэлбэрсэн учир цэргийн онгоц хөөргөхийг хойшлуулжээ. Булангийн орнуудын голдуу иргэд мөн Египет, Пакистан, Канад улсуудын 150 гаруй иргэнийг далайгаар тээвэрлэн Саудын Арабын боомт хот Жеддад хүргэжээ.

Япон улс мөн иргэдээ татахаар өөрийгөө хамгаалах хүчний онгоцоо Жибути улс рүү илгээсэн байна. Ням гарагийн өглөө дэлхийн олон орны иргэдийг тээвэрлэсэн НҮБ-ын автобус, автомашины урт цуваа 850гаруй км-ийн зайд орших, Улаан тэнгисийн эрэг дэх Порт Судан хот руу хөдөлсөн байна. Хартум хотод гацсан Ази, Африк, Ойрх Дорнодын олон орны гадаад оюутнууд олон улсын нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд дайгдах хүсэлтээ илэрхийлж, тусламж хүссээр байгаа юм байна. Суданд интернэтийн шугам сүлжээ бараг бүхэлдээ тасалдсан учир Хартум болон бусад хотуудад гацсан иргэдэд тусламж үзүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм байна. Хартум хотод агаарын бөмбөгдөлт ширүүсч улмаар хүн амын дийлэнх нь гэрэл цахилгаангүй, цэвэр ус хоол хүнсээ авч чадахгүйд хүрчээ. Өнгөрсөн 7 хоногт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш тэмцэгч хоёр тал гал зогсоохоор хэд хэдэн удаа тохирсон ч аль ч тал нь тохиролцоогоо дагаж мөрдөөгүй байна. Иймээс тус улсад хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон учир АНУ гамшигтай тэмцэх тусгай багаа Судан болон хөрш орнууд руу нь илгээхээр болж байна. Тус баг Суданд гарах гарцгүй болсон иргэдэд хоол хүнс хүргэх ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. ДЭМБ Суданы зэвсэгт мөргөлдөөнд одоогоор 420 гаруй хүн амь үрэгдэж, 3700 гаруй хүн шархадсан гэж тооцоолж байна.

Одоогоор Суданаас хүүхэд эмэгтэйчүүд голдуу 20 гаруй мянган хүн Чад улс руу дүрвэн гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн улс орнууд иргэд, дипломатуудаа Суданаас нүүлгэн шилжүүлсээр байна  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй