
Суданы сөргөлдөгч талууд мягмар гарагийн өглөөнөөс эхлэн 72 цагийн турш гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдээлж байна. Энэ Тохиролцоог АНУ болон Саудын Арабын зуучлалтайгаар байгуулж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор талууд хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ. Энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойш хийж байгаа 3 дахь удаагийн гал зогсоох хэлэлцээр болж байна. Өмнөх хэлэлцээрүүд төдийлөн амжилттай болоогүй тул олон улс энэ удаад үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна. Харин бусад улс орнууд энэ хугацаанд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлахыг зорьж байна.
Даваа гарагийн шөнө талууд харилцан хүлээн зөвшөөрч Мягмар гарагаас эхлэн гал зогсоосон байдалтайгаар Суданд өглөөг угтсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдээлснээр хагас цэрэгжүүлсэн Шуурхай туслах хүчин болон Суданы арми хооронд 48 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд дээрх шийдвэрт хүрчээ. Үүний дараа сөргөлдөгч талууд 72 цагийн турш гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус мэдэгдлээ. Гэхдээ үүнээс өмнөх 2ч удаагийн гал зогсоох хэлэлцээр амжилтгүй болсон тул олон улс анхааралтайгаар ажиглаж байгаагаа мэдээлж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс энэ мөргөлдөөн эхэлснээс хойш 400 гаруй хүн амь үрэгдэж, 4000 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээ бий. Эмх замбараагүй байдал эхэлснээс хойш нийслэл Хартумын оршин суугчдыг гэртээ байхыг анхааруулж, иргэд хоол хүнс, усны нөөц гачигдаж эхэлснийг хэлж байгаа юм. Бөмбөгдөлтөд усны хоолой гэх мэт гол дэд бүтцүүд өртсөн тул зарим иргэд Нил мөрний уснаас хэрэглэхээс өөр аргагүй байдалд орж. Мөн интернэт сүлжээ доголдсон байгаа юм байна. Энэ удаагийн Гал зогсоох хэлэлцээр энгийн иргэдийг хотыг орхин гарах боломжийг олгоно гэж олон улс найдаж байгаа. Гадны засгийн газрууд мөн энэ нь тус улсаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэх боломжийг олгоно гэж найдаж байгаагаа илэрхийлсээр байна. Нийслэл хотын төв, хүн ам шигүү суурьшсан хэсгүүдэд мөргөлдөөн болж байгаа тул улс орнууд дипломат ажилтнуудаа болон иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр яаравчилж байгаа. Эмх замбараагүй байдлын улмаас Суданы иргэд болон хөрш зэргэлдээ орнуудын иргэд зэрэг олон арван мянган хүн дүрвэсэн гэсэн мэдээлэл байна. Дэлхийн томоохон гүрнүүд болох АНУ, Франц, Канад, Австрали, Европын холбооны арми хамгийн түрүүнд иргэд, төлөөлөгчдөө татаж авах ажлыг эхлүүлсэн. Тухайлбал АНУ-ын тусгай хүчнийхэн өнгөрсөн Бямба гарагт Жибути дахь баазаас нисч, Этиопд түлшээ цэнэглэн нисдэг тэргээр АНУ-ын засгийн газрын бүх ажилтнууд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг Элчин сайдын яамнаас нүүлгэн шилжүүлсэн. Мөн Өнөө өглөө шинэчлэгдсэн мэдээллээр, Ням гарагийн шөнө Суданы нийслэл Хартум болон Суданаас зүүн тийш 1,348 км-т оршдог Жибутигийн хооронд Францын Агаарын болон сансрын хүчний хоёр ч "нислэг" хийгдсэн байна. Ингэснээр нийт 388 хүнийг Суданаас гаргах боломж бүрджээ.
Мөн Германы агаарын хүчин нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцож, одоогийн байдлаар нийт 313 хүнийг Суданаас гаргаж аваад байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн эхний хэсэг аль хэдийн Европд хүрч, эх орондоо аюулгүй эргэн очиж чаджээ. Хамгийн сүүлд Япон улс иргэдээ бүрэн нүүлгэн шилжүүлсэн тухайгаа зарлалаа. Мөн Их британи Мягмар гарагт иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ. Гэвч Суданы иргэдийн дунд бол нөхцөл байдал хүнд байна. Одоог хүртэл иргэд хотыг орхин гарч явах боломж хязгаарлагдмал байгаа. Тиймээс энэ удаагийн 72 цагийн гал зогсоох үеэр аль болох олон тооны иргэдийг хотыг орхин гарах ажилд олон улсын хүмүүнлэгийн ажилчид туслахаар зорьж байгаагаа мэдээлжээ.
Суданы сөргөлдөгч талууд 72 цагийн турш гал зогсоохыг зөвшөөрчээ | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.