
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар холбогдож, Орос, Украин хоёрыг улс төрийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалсан гэж Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Мөн Хятад улс засгийн газрын тусгай төлөөлөгчөө Украин руу илгээхээр төлөвлөж байгааг дурджээ. Лхагва гарагт Хятадын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг удирдагч Ши Зеленскийтэй утсаар холбогдон нэлээд удаан ярилцсан талаар мэдээллээ. Энэ нь ОХУ-Украины дайн эхэлснээс хойш 2 тэргүүн нар анх удаа утсаар ярьж байгаа тохиолдол юм байна. Энэ үеэр Бээжин сөргөлдөгч талуудыг улс төрийн замаар, яриа хэлэлцээний шугамаар асуудлаа шийдвэрлэхийг уриалсан байна. Үүнээс өмнө Бээжин 2 орны хооронд энх тайвны зуучлагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Мөн Хятадын Гадаад хэргийн яамны Евразийн хэрэг эрхлэх газрын дэд дарга Юү Жүн мэдээлэл хийж, Хятад улс засгийн газрынхаа Евразийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчидөө Украин болон бусад улс орнууд руу илгээж, энэхүү хямралыг улс төрийн аргаар зохицуулахбн тулд бүхий л оролцогч талуудтай гүнзгий харилцаа холбоо үүсгэнэ” гэж мэдэгджээ. Юү хэлэхдээ, төлөөлөгчдийн нэг нь Хятадын ГХЯ-ны Евразийн асуудал эрхэлсэн тусгай элч Ли Хуй байх болно гэдгийг ч мөн тодотголоо.
Хятад улс дайны асуудалд төвийг сахихыг эрхэмлэж байгаа ч Москвагийн Украйнд явуулж байгаа тусгай ажиллагааг төдийлөн шүүмжилж байгаагүйг хэвлэлүүд энэ зуур сануулж байна. Хятадын төрийн мэдлийн мэдээллийн агентлагийн мэдээнд Ши Жиньпин Зеленскийд “Хэлэлцээр бол цорын ганц боломжит гарц” гэж хэлсэн тухай онцлоод “Цөмийн дайнд ялагч гэж байдаггүй” тул талууд асуудлыг шийдвэрлэхдээ тайван, хүлээцтэй байж, өөрсдийн иргэд болон нийт хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаг бодитоор харж, хямралыг зохицуулахын төлөө хамтран ажиллах ёстой” гэж дурджээ.
БНХАУ-ын дарга Украин болон ОХУ-ыг улс төрийн замаар асуудлаа шийдвэрлэхийг уриаллаа | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.