
Өнгөрсөн Мягмар гарагт Суданы сөргөлдөгч талууд 72 цагийн турш гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлсэн. Гэвч Лхагва гарагт нийслэл Хартум хотод буун дуу дахин сонсогдож, 72 цаг гал зогсоох хэлэлцээр төдийлөн хэрэгжихгүй байгааг эх сурвалжууд мэдэгджээ.
АНУ болон бусад талуудын зуучлалаар Мягмар гарагт Суданы сөргөлдөгч талууд гал зогсоох 72 цагийн хэлэлцээрт хүрсэн талаар мэдэгдсэн. Гэвч газар дээр буун дуу сонсогдож, энэ хэлэлцээр төдийлөн амжилттай хэрэгжихгүй байгааг Суданы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр лхагва гарагт нийтэлжээ. Нийслэл Хартум хотын дүүргүүдэд буун дуу сонсогдож, байдал хүндхэн байгаа юм байна. Нутгийн эрх баригчид олон нийтийн сүлжээгээр усны байгууламжууд эвдэрч, аюулгүй байдал муудсаны улмаас хаагдсан гэж мэдээлж, цэвэр усны хангамж тасалдсан байна.
Мөн Хартум дахь сэтгүүлчид Улаан хавирган сар нийгэмлэгээс иш татан эмнэлгүүдэд шатахуун, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудаж, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж мэдээлжээ.
Нийслэл хотоос гадна Баруун Дарфур мужид лхагва гарагийн өглөө хүчтэй мөргөлдөөн болсон гэж Энэйчкэй мэдээллээ. Тус улсын зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчнийхэн бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм байна. Шуурхай туслах хүчнийхэн орон сууцны хороололд нуугдаж, энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байна гэж Суданы арми шүүмжилжээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш тус мөргөлдөөний улмаас 450 гаруй хүн амиа алдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.
Суданд гал зогсоох хэлэлцээр хэрэгжихгүй байна | ||
Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.