Шууд Chart

Испанид түүхэндээ анх удаа дөрөвдүгээр сард 38.7 хэм хүрч халжээ

2023-04-28 10:23:46

Испанид түүхэндээ анх удаа дөрөвдүгээр сард 38.7 хэм хүрч халжээ.

Испанийн цаг уурын алба өчигдөр 17 цагийн үед тус улсын өмнөд хэсэгт орших Кордовын нисэх онгоцны буудлын орчимд 38.7, Севильд 37.8 хэмийн халууныг бүртгэжээ. Энэ бол ажиглалтын түүхэнд байгаагүй, дөрөвдүгээр сарын хамгийн халуун өдөр байсан гэж мэдээлж байна.

Энэ сард Испанид бусад жилийнхээс 10-15 хэмээр дулаан байсан. Энэ нь Африкаас халуун агаарын урсгал ирж, дараа нь салхигүй тогтуун байсны улмаас халалт үргэлжилсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

“Агаарын температур энэ онд хяналтаас бүрэн гарлаа. Энэ бол хэвийн зүйл биш” гэж Испанийн цаг уурын албаны төлөөлөгч Каэтано Торрес мэдэгдсэн байна.

Хэт халуунаас болоод Испанийн сургуулиуд хичээллэх хуваариа өөрчилсөн байна. Түүнчлэн иргэдийг халуун тавцан дээр удаан хүлээлгэхгүйн үүднээс Мадридын метро ойр ойрхон эргэлт хийж эхэлжээ. Нийтийн усан сангууд энэ онд сарын өмнө нээгдсэн байна.

Хэт халалтын улмаас Испанийн ихэнх бүс хуурайшилт, гантай байна. Тухайлбал, Гвадалквивир голын сав газрын усны 25 хувь нь л дүүрчээ. Хуурайшилт, ган гачиг хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж байна.

Газар тариалан эрхлэгчид цаг агаарын нөхцөл таагүй байгаатай холбогдуулан эрсдэлд орохоос сэргийлж, үр тарианы суулгалт хийхээс татгалзаж байна. Энэ нь Европын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд таагүйгээр нөлөөлнө гэсэн үг. Үүний зэрэгцээ ойн түймэр хугацаанаасаа эрт эхэлж, их хэмжээний газар нутгийг хамарч болзошгүй байна.

Хэт халалт мөн ахмад настан, нялх хүүхдүүд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна.

Европт зуны улирал жил ирэх тусам эрт эхэлж байна. Өнгөрөгч 2022 он тивийн түүхэн дэх хамгийн халуун жил байсан бол энэ жил халуун дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Эрдэмтэд үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байгаа юм. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Испанид түүхэндээ анх удаа дөрөвдүгээр сард 38.7 хэм хүрч халжээ   
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй