Шууд Chart

Режеп Тайип Эрдоган: “Исламын улс” алан хядах бүлэглэлийн толгойлогчийг илрүүлж, устгалаа

2023-05-02 09:34:15

Туркийн Тагнуулын алба “Исламын улс” алан хядах бүлэглэлийн толгойлогч Абу аль-Хусейн аль-Курейшиг илрүүлж, устгажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төрийн телевизээр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

Режеп Тайип Эрдоганы хэлснээр, толгойлогчийг Сирид бямба гарагт устгасан гэнэ. Туркийн Тагнуулын алба Абу аль-Хусейн аль-Курейшиг удаан хугацаанд ажигласан гээд, Турк улс алан хядах байгууллагуудтай тэмцэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэжээ. Туркийн Ерөнхийлөгч үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тэгвэл ажиллагаа Сирийн хойд хэсгийн Жандарис хотын ойролцоо буюу Туркийн хилээс 7 км-ийн зайд болсон гэж Сирийн эх сурвалжууд дамжуулсан байна.

Абу аль-Хусейн аль-Курейшиг өнгөрсөн оны сүүлчээр “Исламын улс” бүлэглэл удирдагчаа болгосон юм. Түүний өмнөх толгойлогч Абу аль-Хасан аль-Хашеми аль-Кураши "бурханы дайснууд"-тай дайтаж байгаад амь үрэгдсэн гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард “Исламын улс” бүлэглэл зарлаж байжээ.

“Исламын улс” бүлэглэл 2014 оны төгсгөлөөр ид оргил үедээ Сири, Иракийн газар нутгийн гуравны нэгийг буюу 88 мянган километр квадрат талбайг хяналтдаа оруулсан түүхтэй.

Тухайн үед алан хядагчдын дарлал дор 8 сая орчим хүн аж төрж, хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлэж байсан юм.

Энэ бүлэглэл дэлхий дахинаа олон тооны халдлага үйлдэж ирсэн. Өдгөө халифат гэж нэрлэсэн бүлэглэлийн ноёрхол дууссан ч бага хэмжээний газрыг эзэлсэн хэвээр байна.

НҮБ өнгөрсөн оны долоодугаар сард энэ бүлэглэлийг урьдын адил ноцтой аюул учруулах эрсдэлтэй гэж анхааруулсан байна.

Зарим газраас гаргасан тооцооллоор Ирак, Сирид, тэр дундаа хөдөөгийн бүсүүдэд 6-10 мянган хүн “Исламын улс” бүлэглэлд нэгдэж, үе үе хорлон сүйтгэх ажиллагаа үйлддэг байна. 

Мөн дэлхийн бусад улсад “Исламын улс”-тай холбоотой бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн идэвхтэй нь Афганистан, Сомали болон Чад нуурын сав газарт байдаг бүлэглэлүүд гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Режеп Тайип Эрдоган: “Исламын улс” алан хядах бүлэглэлийн толгойлогчийг илрүүлж, устгалаа   
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй