Шууд Chart

Холливудын зохиолчдын ажил хаялтаас болоод АНУ-д "Үдшийн шоу" тасалдана

2023-05-03 10:44:05

Холливудын зохиолчид сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа ажил хаялт зарлаад байна. Үүнээс болоод АНУ-ын хамгийн алдартай үдшийн цэнгээнт шоунуудын шинэ дугаар тасалдана гэж “Нью-Йорк таймс” сонин мягмар гарагт мэдээлжээ.

Тухайлбал, “Жимми Фэллоны шөнийн шоу”, “Стивен Колберын шоу”, “Жимми Киммел шууд эфирт”, “Сет Майерстай шөнө” зэрэг телевизийн нэвтрүүлгүүд зогсох юм байна.

Тиймээс хэд хэдэн суваг үдшийн цагаар эдгээр нэвтрүүлгийнхээ хуучин дугаарыг давтан үзүүлэх төлөвтэй байна. Цэнгээнт нэвтрүүлгүүдээс гадна уран сайхны, цуврал, олон ангит шинэ кино тасалдах эрсдэлд ороод байна.

Кино, телевизийн нэвтрүүлгийн зохиолчдын холбоо болон Кино, телевизийн продюсеруудын нэгдлийн хооронд 2020 онд байгуулсан гэрээний хугацаа мягмар гарагт дууссан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө талууд 6 долоо хоногийн турш хэлэлцээ хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй учир зохиолчид ажил хаяхаар болжээ.

Зохиолчдын хувьд “Нэтфликс”, “Эппл”, “Амазон”, “Дисней”, “Уорнер Брос”, “Дисковери”, “Эн-Би-Си”, “Парамоунт”, “Сони”-г багтаасан Кино, телевизийн продюсеруудын нэгдэлтэй шинэ гэрээ байгуулж, инфляци нэмэгдсэн нөхцөлд илүү шударга цалин хөлс шаарджээ.

Түүнчлэн зохиолчдын эрх ашгийг хамгаалах, зохиолчийн эрхийг хангах зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан байна. Ажил хаялт хэдэн сараар ч үргэлжилж болзошгүй байна.

Холливудын зохиолчид хамгийн сүүлд 2007 онд 100 өдрийн хугацаатай ажил хаясан. Үүний улмаас кино, телевизийн салбарт гурван тэрбум орчим долларын хохирол учирч байжээ. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Холливудын зохиолчдын ажил хаялтаас болоод АНУ-д "Үдшийн шоу" тасалдана  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй