Шууд Chart

БНТУ-д сонгуулийн санал тоолох ажил үргэлжилж байна

2023-05-15 14:50:31

БНТУ-д Ням гарагт эхэлсэн Бүх нийтийн сонгуулийн санал тоолох ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар ерөнхийлөгчийн сонгуульд босго давж ялалт байгуулсан нэр дэвшигч тодроогүй байгаа тул дахин санал хураалт явуулах магадлалтай байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Харин парламентад одоогийн эрх баригч нам нийт 600 суудлаас 35 хувийг бүрдүүлэх болж байгаа урьдчилсан мэдээлэл ирлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн эрх баригч Рийсеп Тайип Эрдоган түүний гол өрсөлдөгч сөрөг хүчний зургаан намын эвслээс нэр дэвшигч Кемал Киличдароүлутай өрсөлдөж байна. Өнөө өглөөний байдлаар саналын 92 хувийг тоолоход Эрдоган 49,49 хувийн саналтай харин Кличдароүлу 44,79 хувийн саналтай байгааг сонгуулийн дээд зөвлөл мэдээлжээ. Хэдийгээр босго хувийг давж албан ёсоор ялалт байгуулаагүй ч Эрдоган тэргүүлсээр байгаагаа мэдэгдэж санал өгсөн ард иргэдэд талархаж байгаагаа илэрхийлсэн.

Харин өрсөлдөгч Киличдароүлу дахин санал хураалтад ялах итгэлтэй байгаагаа мөн олон нийтэд хандан үг хэлэх үеэрээ илэрхийлжээ. Аль нэг нэр дэвшигч Сонгогчдын 50 хувиас дээш санал авч чадаагүй тохиолдолд 2 долоо хоногийн дотор дахин сонгууль хийх юм байна. Харин Парламентын сонгуулийн хувьд Эрдоганы Шударга ёс, хөгжлийн намын гишүүд 600 суудлын 35 хувийн саналыг авсан урьдчилсан мэдээлэлтэй байна. Одоогоор нийт саналын 96 хувийг тоолж дууссан. Энэ нь тус намын хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд болсон сонгуулиудтай харьцуулахад хамгийн бага санал авч байгаад тооцогдож байгаа юм. Үүнээс өмнө 2002 онд энэ нам хамгийн бага буюу 34,28 хувийн санал авч байсан. Түүнээс хойш 40-өөс дээш хувийн саналтайгаар сонгуульд оролцож, 300-аас дээж гишүүдийн суудалтайгаар олонхыг бүрдүүлсээр иржээ.

Гэхдээ Энэ удаад Шударга ёс, хөгжлийн намын эвслүүд парламентад 56 суудал нэмж авч ирснээр 323 гишүүний төлөөлөлтэй болж олонхыг бүрдүүлэх магадлал өндөр байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ-д сонгуулийн санал тоолох ажил үргэлжилж байна  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй