Шууд Chart

БНТУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт 28-нд болно

2023-05-16 12:07:26

БНТУ-ын Сонгуулийн дээд зөвлөлөөс зарласан бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган 49.49%, сөрөг хүчний намаас нэр дэвшигч Кималь Кылычдароглу 45 хувийн хувийн санал тус тус авсан байна. Сонгуулийн эхний шатанд хоёр гол өрсөлдөгчийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь шатны санал хураалтыг энэ сарын 28-нд явуулахаар болж байна. Туркийн энэ удаагийн сонгууль нь ирэх 5 жилд засаглах ерөнхийлөгч болон парламентыг сонгох ээлжит сонгууль. 2018 оноос эхлэн Турк улс ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллагаа 5,5 жилийн бүрэн эрхтэйгээр сонгодог болсон юм.

Харин 600 суудалтай Үндэсний дээд ассамблей буюу парламентад улс төрийн дөрвөн намаас бүрддэг, Эрдоганы тэргүүлдэг Ард түмний эвсэл 321суудал авч олонх болж байна. Харин сөрөг хүчний хоёр намаас бүрддэг, Үндэсний эвсэл 213 суудал авсан бол бусад намууд 66 суудал авчээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 87.56 хувьтай гарсан байна. Нийт 64,1 сая хүн санал өгөх эрхтэйгээс 55.4 сая хүн саналаа өгчээ. 2018 оны 7-р сард ерөнхийлөгч Эрдоган хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлснээр Турк улс парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглал руу шилжсэн. 84 сая гаруй хүн амтай, ерөнхийлөгчийн засаглалтай Турк улсын төрийн эрхийг ирэх 5 жилд хэн барих вэ гэдэг дотооддоо төдийгүй олон улсад чухал. Шинэ системээр Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай хийдэг. Аль ч нэр дэвшигч 50 хувийн босго давж авч чадаагүй бол хамгийн олон санал авсан эхний хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулдаг хуультай. 2017 онд Турк улс ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээр тус улсын улс төрд хоёр том эвсэл бий болоход нөлөөлжээ. Тэдгээрийн нэг нь ерөнхийлөгчийн тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн нам тэргүүтэй Ард түмний эвсэл, нөгөөх нь сөрөг хүчний удирддаг Үндэсний эвсэл. Энэ хоёр эвсэл энэ удаагийн сонгуульд хамгийн олон санал авч, хоёр дахь шатны сонгуульд орохоор болж байна. Эрдоган ард түмний дэмжлэгийг авахын тулд цалин тэтгэвэр нэмж, байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний төлбөрт татаас өгч, туркийн батлан хамгаалах салбараа хараат байдлаас гаргаж, дэд бүтцийн том төслүүд эхлүүлсэн байна. Харин сөрөг хүчний гол эвслийн удирдагч, Эрдоганы гол өрсөлдөгч өдгөө 74 настай Кылычдароглу Турк улсыг буцаагаад ардчилсан, парламентын тогтолцоо руу оруулж, шүүх засаглал болон төв банкны бие даасан эрхийг сэргээхээ амлаж байгаа юм.

Өдгөө 69 настай Эрдоган 2003 оноос хойш Туркийн төр, засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн. Түүний засагласан 20 жилийн хугацаанд Турк улс дотоод гадаад харилцаандаа шинэ арга барилаар ихээхэн амжилт гаргасан. Тухайлбал батлан хамгаалах, гадаад бодлого, аж үйлдвэрлэл, аялал жуулчлал болон бусад салбарт Турк үнэмлэхүй амжилт гаргасан гэж шинжээчид үзэж байна. Туркийн засгийн газар Украин, Ливи зэрэг дайн, мөргөлдөөнтэй бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх, энх тайвны хэлэлцээ хийхэд голлох үүрэгтэй оролцож байна. Турк улс одоогоор 906тэрбум ам.долларын ДНБ-ээр дэлхийн 19 дэх том эдийн засаг болсон. Эрдоган 2003онд ерөнхий сайд болсноосоо хойш эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл,аж үйлдвэрлэлийн салбартаа шинэчлэлт эхлүүлж, батлан хамгаалах болон аж үйлдвэрийн салбарт импортын хамаарлыг бууруулж, дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна. Гэвч энэ удаагийн сонгууль ерөнхийлөгч Эрдоганы хувьд томоохон сорилт болж байна. учир нь төрийн хатуу бодлогын нөлөөгөөр олон жил үндэсний мөнгөн тэмдэгт лийрийн ханш суларсаар Инфляцын өсөлтийг хөөргөдсөн, байгалийн гамшиг, хүний эрхийн байдал зэрэг сорилтууд түүнийг дахин сонгогдоход саад болж магадгүй гэж зарим ажиглагч таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт 28-нд болно  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй