
Тайландын сөрөг хүчний гол хоёр нам парламентын доод танхимыг бүрдүүлэх бүх нийтийн сонгуульд нэгдсэн саналаараа олонх болох төлөвтэй байна. Санал тооллогын 98 хувийн дүнгээр сөрөг хүчний “Урагшаа” нам парламентад 150 гаруй суудал, сөрөг хүчний хамгийн том нам Пхе Тай нам таамаглаж байснаас бага боловч 140 орчим суудал авах төлөвтэй байна. хамгийн олон санал авсан сөрөг хүчний хоёр нам хоёулаа цэргийн дэглэмийн эсрэг байр суурьтай ч бодлогын зөрүүтэй, засгийн газрыг батлах сенатын танхим нь цэргийнхнээс бүрддэг учраас эвслийн засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээ, батлах үйл явц нэлээн төвөгтэй болж магадгүй юм байна.
Урагшаа нам нь улс орны дээд эрх мэдлээс цэрэг армийн нөлөөг арилгахаа амласан нь залуучуудын дэмжлэгийг авч чаджээ. Пхе Тай нам нь ерөнхий сайд асан Таксин Чинаватратай холбоотой юм байна.Харин Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-чагийн Тайландын нэгдсэн Үндэсний нам 36 суудал авахаар урьдчилсан дүнтэй байна. Тайланд нь үндсэн хуульт хаант засагтай. Парламент нь сенатын болон төлөөлөгчдийн гэсэн дээд доод хоёр танхимтай. Энэ удаагийнх Доод танхимын 500 гишүүний 400г нь сонгох сонгууль юм. Өөрөөр хэлбэл 400 суудлыг ард түмний шууд саналаар, 100 суудлыг намын хувь тэнцүүлсэн жагсаалтаар сонгодог юм байна. Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 52 сая хүн бүртгүүлсэн байна. Тайландын энэ удаагийн сонгуулийн гол сэдэв нь 9 жилийн өмнө төрийн эргэлтээр эрх мэдэлд хүрсэн цэргийн дэмжлэгтэй засгийн газрыг унагахад чиглэсэн гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ дараагийн ерөнхий сайдыг 500 гишүүнтэй парламентын доод танхим, армиас томилогдсон 250 гишүүнтэй Сенатын танхимын хамтын саналаар ирэх 7-р сард сонгоно.
Одоогоор Сенатын танхимын олон гишүүн цэргийн дэмжлэгтэй намуудын төлөө саналаа өгөх төлөвтэй байгаа юм байна. Тайландад хаан болон хааны гэр бүлд хүндэтгэлгүй хандсан тохиолдолд хүнд ял тухайлбал 15 хүртэлх жилээр хорих ял оноох хуультай. Энэ хуулийг хэт хуучинсаг засаг төрийн эсрэг зогссон хэн бүхнийг шийтгэх зэвсэг болгодог гэж ард иргэд нь шүүмжилдэг юм байна. Тайландчууд сөрөг хүчнээ сонгож байгаа энэ үр дүн сонгогчид цэргийн дэмжлэгтэй засгийн газрын эсрэг үзэл бодолтой байгааг илэрхийлж байна гэж хэвлэлд онцолжээ.
Тайландын сөрөг хүчний намууд парламентын сонгуульд тэргүүлж байна | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.