Шууд Chart

Африкийн удирдагчид Путин, Зеленский нарт энхийн төлөвлөгөө танилцуулна

2023-05-17 14:48:40

Африкийн төрийн тэргүүн нарын төлөөлөл Украин дахь Оросын дайныг зогсооход тус болох үүднээс ойрын үед Орос болон Украинд очихоор болжээ. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоза өчигдөр энэ тухай мэдэгдсэн байна.

Тэрээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай тусгайлан утсаар ярьж, хямралыг шийдвэрлэх энхийн төлөвлөгөөний асуудлаар хэлэлцэх тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн байна. “Хоёр удирдагчтай ярилцсаны дүнд тэд хоёул Африкийн удирдагчдыг хүлээн авч, хямралыг хэрхэн зогсоох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн” талаар Рамафоза улсад нь айлчилж байгаа Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лунгтай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. “Амжилт олох эсэх нь яриа хэлэлцээнээс шалтгаална” гэж тэр мөн хэлсэн байна. Сенегал, Уганда, Египет, Бүгд Найрамдах Конго, Замби, Өмнөд Африк улсууд бүгд энэ зуучлах хүчин чармайлтад оролцох талууд юм байна. Москва, Киевийн тухайд Рамафозагийн энэ мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна. Ямартай ч Африкийн удирдагчдын энэ хүчин чармайлт нь хямралд зуучилж, энхийн хэлэлцээ өрнүүлэхээр гадаад талаас хийгдэж байгаа шинэ тутам алхам болж байна. Үүнээс өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины хямралын асуудлаар энхийн хэлэлцээ өрнөх боломж одоогоор байхгүй байна гэж мэдэгдээд байсан юм.

Гэвч Рамафоза санаачилгынхаа талаар Гутерреш болон Африкийн Холбоонд товч мэдээлэл өгч, тэд ч дэмжсэн гэж мэдэгджээ. Айлчлалууд хэзээ болох талаар Өмнөд Африкийн удирдагч мэдээлээгүй боловч хямрал “үлэмж гамшиг сүйдэл” тарьж, Африкийн орнууд ч үүнээс болж “ихээхэн хор хохирол” амсаж байгааг дурдсан байна. Тэрчлэн өнгөрсөн оны сүүлээр Кэйптаун дахь усан цэргийн баазаас Оросын хөлөг онгоцонд зэвсэг ачсан гэсэн АНУ-ын түрүү 7 хоногийн мэдэгдлийн хариуд Рамафоза Өмнөд Африк улс хямралдагч талуудыг алийг ч дэмждэггүй гэж мэдэгдсэнийхээ маргааш дээрх төлөвлөгөөгөө зарлажээ.

Өмнөд Африк улс хэдийгээр “ер бусын их шахалт дарамттай” тулгарч байсан боловч “дэлхийн гүрнүүдийн хоорондох тэмцэлдээнд” татагдаж ороогүй гэж Рамафоза хэлсэн байна. НҮБ-ын тогтоолуудтай холбоотой санал хураалтуудад Өмнөд Африк улс түдгэлзсэн санал өгч ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Африкийн удирдагчид Путин, Зеленский нарт энхийн төлөвлөгөө танилцуулна   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй