
Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Украины нийслэл Киевт хоёр өдрийн айлчлал хийжээ. Орос, Украины хооронд энхийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон Хятадын энэ дипломатчийг Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба болон Ерөнхийлөгч Зеленский хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр тэд, Украины хямралыг зохицуулах Бээжингийн төлөвлөгөөтэй холбогдуулж өөрсдийн байр суурийг дэлгэрэнгүй илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр, хятадын төлөөлөгч дайныг зогсоохын тулд хямралдагч бүх тал хооронд “итгэлцлийг бэхжүүлж, “яриа хэлэлцээний таатай нөхцөлийг” бүрдүүлж, гал зогсоох шаардлага тулгарч байгааг тэмдэглэжээ. Мөн Хятад улс Украинд “бололцооны хэрээр” туслахад бэлэн байгааг Ли Хуэй цохон хэлснийг Хятадын гадаад яамны мэдээлсэн байна. Зеленский ямар хариу хэлсэн талаар дурдаагүй байна. Украины тал одоогоор энэ уулзалтын талаар мэдээлээгүй байна. Өмнө нь болсон Хятадын төлөөлөгч болон Украины гадаад яамны сайд Кулеба нарын хоёр өдрийн уулзалтын тухайд, тэд хоёр улсын харилцаа болон Орос-Украины мөргөлдөөний эцэс болгохтой холбоотой асуудлаар санал солилцсон байна. Украины сайдын зүгээс, хямралыг царцаах, эзлэгдсэн газар нутгуудын асуудалд буулт хийх саналуудыг Украин улс хэрхэвч хүлээж авахгүй гэдэг засгийн газрынхаа байр суурийг давтан илэрхийлснийг Украины Гадаад яам мэдээлжээ. Украины тусгаар бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь тогтвортой, шударга энх тайвныг сэргээх гол үндэс суурь болно гэдгийг Украины сайд мөн цохон хэлсэн байна. Дайны галыг түр зогсоож, бүх улсын тусгаар бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, дангаар хоригуудыг зогсоохоор заасан Украин дахь хямралыг зохицуулах 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Хятадын эрх баригчид Украины дайны нэг жилийн ойн дээр нийтлүүлж байсан. АНУ болон Өрнөдийн гүрнүүд Бээжингийн энэ төлөвлөгөөг хоёр талын эрх ашгийг адил тэгш тусгаагүй гэж үзэн төдийлөн ам сайтай байгаагүй. Евразийн асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч юутай ч энэ 7 хоногт ийнхүү, өөрийн улсын энхийн төлөвлөгөөний асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх хүрээнд Киевээс айлчлалаа эхлүүлж байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, хятадын дарга Ши Жиньпин нарын өнгөрсөн сард утсаар ярьсан тохирооны дагуу энэ төлөөлөгч Киевт очсоноор Орос-Украины дайн эхэлснээс хойш энд хөл тавьсан хятадын хамгийн өндөр тушаалын төлөөлөгч болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Тэрээр Орос, Польш, Герман, Францад айлчлах төлөвлөгөөтэй талаар Хятадын Гадаад яам өмнө нь мэдээлсэн ч айлчлалын нарийн хуваарийг ил болгохгүй байгаа юм байна.
БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч Украинд айлчлав | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.