
Япон улсын Хирошима хотод Баасан гарагт нээлтээ хийж байгаа долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор гишүүн орны тэргүүн нар пүрэв гарагаас эхлэн Япон улсад хөл тавьж эхэлсэн. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Байден пүрэв гарагт Хирошимад очиж, дээд хэмжээний уулзалтын өмнө Япон улсын ерөнхий сайд Фумио Кишидатай 2 талт уулзалт хэлэлцээ хийлээ.
Хоёр талт уулзалтын үеэр Япон улсын ерөнхий сайд Кишида АНУ, Японы харилцаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тулгын чулуу мэт чухал гэдгийг цохон тэмдэглэлээ. Кишида үргэлжлүүлэн “Япон-АНУ-ын харилцаа нь зөвхөн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй бөгөөд бүхий л салбарт олон үет, нягт харилцаа холбоотой” гэж тодорхойлжээ.
Энэ үеэр мөн Хирошима хотод эхэлж байгаа “Долоогийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалахыг тууштай дэмжиж байгаагаа шийдэмгийгээр нотолно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлжээ.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч долоон орны удирдагчид дэлхийн атомын бөмбөгийн анхны дайралт болсон Японы баруун хэсгийн Хирошима хотод болох энэ уулзалтад оролцохоор пүрэв гарагаас эхлэн тус хотод очиж байгаа бөгөөд уулзалтын гол сэдвүүдийн нэг нь яахын аргагүй ОХУ-Украины дайны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Долоогийн бүлэгт АНУ, Япон, Канад, Франц, Итали, Герман, Их Британи болон Европын холбоо багтдаг. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхийн бусад улс орнуудын төлөөллүүд мөн урилгаар оролцохоор байна. Тухайлбал БНСУ-ын ерөнхийлөгчийг урьсан. Түүнчлэн Австрали, Бразил, Коморос, Күүкийн арлууд, Энэтхэг, Индонез, Вьетнамын удирдагчид оролцох юм. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Фумио Кишида хөгжиж буй орнуудтай харилцахын чухлыг онцлон тэмдэглэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Япон улсын Ерөнхий сайдтай Хирошима хотноо хоёр талт уулзалт хэлэлцээ хийв | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.