
Японы Хирошима хотод өнөөдөр Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдрийн уулзалт яриа хэлэлцээгээр, хөгжиж байгаа орнуудтай холбоо харилцаагаа өргөжүүлэх, хүнсний хямрал, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал зонхилон яригдсан байна. Мөн хүч нөлөө нь улам бүр тэлж хүчирхэгжиж байгаа Хятадын талаар баримтлах бодлогоо нэгтгэсэн Хамтарсан мэдэгдэл, мөн Уулзалтын төгсгөлийн баримт бичгээ баталсан байна.
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 7 гүрний удирдагчид эдийн засгийн албадлагыг сөрөх чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж мэдэгдэл баталсан байна. Эдийн засгийн сул дорой байдлаар нь далимдуулан улс орнуудыг эрхэндээ оруулдаг байдлыг буруутгасан энэ мэдэгдэл хэдийгээр нэр заан дурдаагүй боловч илтэд Хятадын талаар өгүүлсэн агуулгатай байна. Бээжин сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улстай худалдааг зэвсэг болгож ашиглаж байгаад буруутгагдаж ирснийг өмнө нь дурдаж байсан юм. “Эдийн засгийн хараат байдлыг зэвсгийн чанартай ашиглаж, Жи-7 болон манай түншүүдийг, тэр дундаа жижиг эдийн засагтай улсуудыг өөрийн ая эрхшээлд оруулах аливаа оролдлогыг таслан зогсоож, арга хэмжээ авах баталгааг хангахын төлөө бид хамтарч ажиллах болно” гэж G7 мэдэгдэлдээ заажээ. Жи-7-гийн удирдагчид мөн, Хятадын хүний эрхийн байдал, Өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээ зузаатгаж байгаа зэрэг асуудал санааг нь зовоосон хэвээр байгаа хэдий ч тус улстай “үр бүтээлч, тогтвортой харилцаа” өрнүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ. “Олон улсын хамтын нийгэмлэгт гүйцэтгэдэг үүрэг, эдийн засгийн цар хэмжээ зэргийг харгалзаж Хятад улстай “дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтууд болоод нийтлэг эрх ашиг бүхий асуудлуудаар хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий” гэдгийг мэдэгдэлд мөн онцолжээ. “Жи-7” мөн Хятадыг Тайванийн хямралыг энх тайвнаар шийдвэрлэж, Украины дайныг даруй зогсооход Орост шахалт үзүүлэхийг мөн уриаллаа. Ийнхүү уулзалтын эхний өдрийн туршид, Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг хоригуудыг чангатгах асуудал зонхилж байсан бол, өнөөдөр Хятадын хүч нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотой сэдэв анхаарлын төвд байсан байна.
Гэхдээ “Жи-7”-г өнөөдөр энэ мэдэгдлээ батлахаас өмнө Хятад улс, Тайванийн асуудал цэвэр өөрийнх нь дотоод хэрэг” гэдгийг цохож, бусад улсын хэрэгт бүдүүлгээр оролцох, мөн бүлэглэж сөрөх бичил тойргууд үүсгэхээ зогсоохыг Долоогийн бүлэгт уриалжээ. Өнөөдөр мөн “Өмнөд Бүсийн” гэгддэг шинэ тутам хөгжиж байгаа орнуудын дэд бүтэц, өрийн дарамтыг хөнгөлөх замаар хэт ялгаатай хоцрогдмол байдлыг бууруулахын төлөө байгаагаа илэрхийлж G7-ийн удирдагчид “Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар” мэдэгдэл баталлаа.
Энд хүрээнд Япон, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, АНУ-ын удирдагчид тухайлбал, өөрсдийн улсад бүтээгдсэн дэвшилтэт технологийг гадагш алдахгүй байх амлалт өгчээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа Япон улсын урилгаар хүрэлцэн очсон Энэтхэг, Өмнөд Солонгос, Австрали, Бразил, Вьетнам зэрэг 8 улсын удирдагчид мөн өнөөдөр Долоогийн бүлгийн төр засгийн тэргүүн нартай уулзалтууд хийсэн байна.
“Долоогийн бүлэг” БНХАУ-тай “үр бүтээлч, тогтвортой харилцаа өрнүүлэх”-ийн төлөө байна | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.