
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Хирошимад чуулж байгаа Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн очлоо. АНУ өөрийн сүүлийн үеийн “Эф-16” сөнөөгч нисэх онгоцуудыг ашиглах сургалтыг Украины цэргийнхэнд явуулахаа мэдэгдсэний дараахан Зеленскийн энэ айлчлал болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Өчигдөр Зеленский Саудын Арабт Арабын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож, Оросын дайны эсрэг дуу хоолойгоо энэ бүс нутгийн эрх баригчдад хүргэсэн юм. Түүнийг Хирошимад буухаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Эф-16 сөнөөгч онгоцыг ашиглахад Украины нисгэгчдийг сургахаар болсноо Долоогийн бүлгийн бусад удирдагчдад мэдэгдсэн. Өрнөдөөс Украины удаан хүсэн хүлээж байгаа байлдааны нисэх онгоцуудыг нийлүүлэх магадлалыг нэг шатаар ахиулсан Байдений энэ шийдвэрийг Зеленский “түүхэн” хэмээн нэрлэжээ. Үүнээс өмнө Байдений засаг захиргаа Эф-16 сөнөөгч онгоцууд нийлүүлэх боломжийг бараг үгүйсгэж, харин албаныхных нь зүгээс нисгэгчдийг сургаж бэлтгэхэд урт хугацаа шаардлагатай, цаашлаад Оростой хямрал даамжрах нөхцөл болно гэж цааргалах байр суурь илэрхийлж ирсэн байдаг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, АНУ-ын бодлогод онцын өөрчлөлт гарсан зүйлгүй гэдгийг тэмдэглэж, Украинд үзүүлэх зэвсгийн тусламж хямралын явцаас хамаарч өөрчлөгдөж байгааг хэлжээ.
Мөн ойрын саруудад сургалтын явц хэр байхаас хамаарч байлдааны нисэх онгоцуудыг хэзээ, хэд хэчнээн тоогоор, хэн нийлүүлэх зэрэг асуудлыг холбоотнуудтайгаа ярилцах болно” гэж Салливан ярьсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч мөн Хирошимад Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-аас Украинд үзүүлэх 375 сая долларын шинэ цэргийн багц тусламжаа зарлана гэдэг мэдээллийг томоохон агентлагууд өгч байна. Тэдний мэдээлж байгаагаар, Байден, Зеленский нарын уулзалтын үеэр зарлах энэ тусламжийн багцад их бууны сум, хуягт техник, танк эсэргүүцэх зэвсгүүд багтжээ. 2021 оны 8-р сараас хойших хугацаанд АНУ-ын Украинд нийтдээ 21 тэрбум ам.долларын зэвсэг олгоод байгаа юм байна.
АНУ ЭФ-16 сөнөөгч онгоц ашиглахад Украины нисгэгчдийг сургана | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.