
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд өчигдөр Хирошимад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ.
Энэ үеэр Моди Украины дайн дэлхий нийтэд олон талаар нөлөөлж байгааг тэмдэглэж, ийм нөлөө зөвхөн эдийн засаг, улс төрийнхөөр хязгаарлагдахгүй байгааг онцолсон байна. Тухайлан, хүнлэг ёс, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсэд энэ дайны учруулж байгаа хор нөлөөг энэтхэгийн ерөнхий сайд цохон дурьдаж ярьжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд тэрчлэн Украинд тусалж, энэ улсад тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд өөрийн зүгээс болоод Энэтхэг улсын зүгээс боломжтой бүхнийг хийх болно гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны 2-р сард Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсэн цагаас хойш Энэтхэг, Украины удирдагчид анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Моди Ерөнхий сайдын хувьд өнөө хэр Украин дахь Оросын түрэмгийллийг шууд буруутгахаас түдгэлзсэн байр суурь баримталдаг.
Мөн дайн эхэлснээс хойших хугацаанд Энэтхэгийн Оросоос авдаг нүүрс, нефть, байгалийн хийн импорт хэд дахин нэмэгдсэн дүнтэй гарчээ. Украины Ерөнхийлөгч Зеленский бямба гарагийн орой Хирошимад буусныхаа дараа Энэтхэгийн Ерөнхий сайдаас гадна Их Британий Ерөнхий сайд Риши Сунак, Германы канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Францын Ерөнхийлөгч Макрон нартай тус тус хоёр талын уулзалтууд хийжээ. АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцны асуудлаар Киевийн саналд туслахад бэлэн гэсэн Вашингтоны шийдвэр Зеленскийг Хирошимад очиход гол түлхэц үзүүлжээ. АНУ Украины нисгэгчдийг сургах хамтын хүчин чармайлтыг дэмжинэ гэж америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливан мөн мэдэгдсэн юм. Зеленскийн Японд хийж байгаа энэ айлчлал дайн эхэлснээс хойш Азийн улсад хийсэн анхны айлчлал болж байна.
Энэтхэгийн ерөнхий сайд Украинд туслахад шаардлагатай бүхнийг хийнэ гэв | ||
Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.