
Гүржийн эрх баригчид энэ сарын 10-наас эхлэн Москва-Тбилисийн хооронд шууд нислэг үйлдэх зөвшөөрлийг Оросын нисэх компаниудад олгожээ. Энэ шийдвэр нь Гүржийн Европын Холбоонд нэгдэх үйл явцад саад учруулна гэж Европын комисс үзэж байна.
Москвагаас шууд нислэгийн анхны онгоц баасан гарагт Тбилист буусны дараа Европын Комиссын төлөөлөгч Петр Стано Гүржийн эрх баригчдын шийдвэртэй холбогдуулж байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, Гүрж болон Европын холбооны хооронд байгуулсан Холбоонд гишүүнчлэх асуудлаарх хэлэлцээрт заагдсан тус улсын Европын холбоонд нэгдэх болон гадаад бодлогоо Европын Холбооныхтой уялдуулах үзэл бодлын үүднээс санаа зовоож байна гэж ярьсан байна. Онгоцыг буух үед тбилисийн нисэх буудалд “Бүү тавтай морил” гэсэн зурагт хуудсууд барьсан эсэргүүцэгчид угтаж авчээ. Энэ жагсаалын үеэр 6 хүн баривчлагдсан байна. Энэ зуур Европын комиссын зүгээс гүржийн нийгмийн дийлэнх хэсэг нь улсаа Европын Холбоонд нэгтгэх эрмэлзэлтэйг мэдэж, үнэлдэг болохоо тэмдэглэсэн байна. “Тийм ч учраас Европын Холбооны гишүүн улсууд Гүржийн хүсэлтийг хүлээн авч, 12 нөхцөл болзлыг нь хангасны дараа Холбоонд нь нэр дэвшигч улсын статус олгохоор зөвшөөрсөн. Гэвч одоо гүржийн засгийн газар хариуцлага хүлээх байдал үүслээ” гэж Стано цохон мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Гүржийн Европын Холбоотой зурсан тунхаг бичгийн шалгуурт нийцэх байдал энэ онд 44-өөс 31 хувь руу буурсныг Европын Комиссын төлөөлөгч мөн дурдсан байна. Энэ сарын 10-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, гүржийн иргэдийг визгүй зорчихыг зөвшөөрсний сацуу оросын нисэх компаниудыг Гүрж рүү нислэг үйлдэхэд тогтоосон байсан хоригийг цуцалжээ. Үүний дараа гүржийн засгийн газар Оросын “Азимут”, гүржийн “Жеоржиан эйрвэйз” нисэх компаниудад Москва-Тбилисийн хооронд шууд нислэг үйлдэхийг зөвшөөрсөн байна. Ирэх 6-р сараас мөн, Сочи-Тбилиси, Москва-Кутаиси-Москва чиглэлд оросын нисэх компани үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна.
Европын комисс Москва-Тбилисийн хооронд шууд нислэг сэргэсэнд сэтгэл зовниж байна | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.